ВВС: Оросын амиа алдсан цэргүүдийн 20 хувь нь офицерүүд

ОХУ-ын Батлан хамгаалах яам хамгийн сүүлд гуравдугаар сарын 25-ны өдөр хохирлынхоо тоог мэдээлсэн бөгөөд тухайн үед 1351 цэргийн алба хаагч Украинд амиа алдсан хэмээж байв. Харин Украины Зэвсэгт хүчин үүнээс хэд дахин их буюу 18,3 мянган хүнээ Орос алдсан гэж мэдээлсээр байгаа юм.
ВВС агентлаг Оросын талын хохирлын талаарх нээлттэй эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэн амиа алдсан хүмүүсийн 20 хувь нь офицер байсан гэж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын албан ёсны эх сурвалжуудаар гарсан мэдээлэлд амиа алдсан 1083 цэргийн нэрс дурдагджээ.
Амиа алдсан нь албан эх сурвалжаар батлагдсан 1083 цэргээс 217 нь дэслэгчээс генерал хүртэлх цолтой офицерүүд байгаа аж. Энэ нь Оросын армийн батлагдсан хохирлын жагсаалтад байх бүх цэргийн алба хаагчийн 20 хувийг эзэлж байна гэж ВВС мэдээлсэн байна.
Гэхдээ батлагдсан хохирлын жагсаалтад ийм олон офицер байгаа нь тулааны талбарт амиа алдаж буй таван орос хүн тутмын нэг нь офицер байсан гэсэн үг биш гэнэ. Оросын армийн амь үрэгдсэн командлагчдын цогцосыг ар гэр рүү нь нэн тэргүүнд , хурдан хугацаанд илгээж, тэднийг амь үрэгдсэн талаарх мэдээллийг олон нийтэд зарладагтай холбоотой гэж Британийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн шинжээч Самуэль Кренни-Эванс онцолжээ.
"Өмнөх сөргөлдөөнүүдийн үеэр Оросын цэргүүд амь үрэгдсэн офицерүүдийн цогцосыг нүүлгэн шилжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Харин арай бага цолтой цэргүүдэд бага анхаардаг байсан юм" хэмээн шинжээч өгүүлсэн байна.
Оросын хохирлын жагсаалтад 10 хурандаа, 20 дэд хурандаа, 31 хошууч, 155 бага цолтой офицер багтаж байгаа гэнэ. Украины тал Оросыг долоон генералаа алдсан хэмээн баталж байгаа ч Орос гагцхүү хошууч генерал Андрей Суховецкий амь үрэгдсэнийг л батласан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ