Зеленский: Барууныхны шийдэмгий бус байдал украинчуудын амь насны үнэтэй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ээлжит мэдэгдэлдээ Барууны орнуудыг аль болох хурдан хугацаанд Оросын газрын тосыг худалдан авахад хориг тавих, Оросыг дэлхийн банкны системээс салгахыг уриалжээ.
Орос дайнаа зогсоох нөхцлийг бүрдүүлэхийн тулд энэ улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд эдийн засгийг нь сүйрүүлэхүйц байх ёстой ч Москва эрчим хүчний түүхий эдийн экспортоос орлого олсон хэвээр байгааг Зеленский онцолжээ. Ийнхүү орлого олж байгаа учраас л ОХУ энхийн хэлэлцээнд төдийлөн нухацтай хандахгүй байна гэж Зеленский үзэж байгаа аж.
"Зарим улс төрчид өөрсдийн орны эдийн засгийг эрсдэлд оруулахгүйгээр Орос руу цутгах газрын тосноос олсон доллар, еврогийн урсгалыг хэрхэн хязгаарлахаа одоо хүртэл шийдэж чадахгүй л байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Тэрбээр өмнө нь газрын тосонд хориг тавихыг удаа дараа уриалж байсан бөгөөд энэ удаагийн мэдэгдлээрээ газрын тосонд хориг тавих нь цаг хугацааны асуудал гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
"Та нар шийдэмгий болох хүртэл Оросын цэргүүдийн гарт Украины хичнээн хүн амиа алдах вэ гэдэгт л асуудлын гол нь байгаа юм" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Оросын эсрэг тавьсан хоригууд
Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми Украин руу халдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрөв. Оросын энэ үйлдлийн улмаас дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсаар, одоо ОХУ түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болсон. Эдийн засгийн хоригийн тоогоор Хойд Солонгос, Сири, Ираныг ч давсан энэ улсын эсрэг хориг 2014 оноос үүдэлтэй юм.
Одоогоос найман жилийн өмнө Украинд улс төрийн хямрал болсноор Крым, Донбасс салан тусгаарлаж, улмаар Крымийн хойгт олон нийтийн санал асуулга явагдан, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтахаар болсон бөгөөд үүнийг "Оросын явуулга", "Украины нутаг дэвсгэрт халдсан" гэж үзсэн АНУ, Европ, Канад, Япон, Австрали улс 2014 онд Оросын эсрэг хориг тавьж байлаа.
Гэвч энэ бүхэн ердөө эхлэл байв. Энэ үйл явдлаас найман жилийн дараа, хөрш орон руугаа халдсан Оросын эсрэг түүхэнд байгаагүй их хоригийг дэлхийн улс орнууд тавьсан. Гуравдугаар сарын 25-ны байдлаар гэхэд ОХУ-ын хуулийн этгээд болон хувь хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний тоо хэдийнэ 7000-ыг давсан юм. Хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө 2754 хориг үйлчилдэг байсан бол өнөөгийн хямрал үүссэний дараа 4400 хориг нэмж тавьсан байна.
Өмнөх хоригууд нь ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой бөгөөд Крымийн асуудлаас найман жилийн дараа ОХУ ийнхүү хөрш орон руугаа халдсанаар өдгөө дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болсон. Хамгийн ихээр хоригт өртдөг орнуудтай харьцуулвал, цөмийн зэвсэг боловсруулдаг гэдгээрээ бурууддаг Ираны эсрэг 3616 хориг, Сирийн эсрэг 2608, пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө улмаас олон хоригт өртсөн Хойд Солонгосын эсрэг 2077 хориг үйлчилж байгаа юм.
Гэхдээ Орос улс Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай худалдаа, санхүүгийн харилцаагаа хадгалсан хэвээр байгаагийн дээр Латин Америк, Африкийн орнууд ОХУ-ын эсрэг хориг тавиагүй. Эдгээр орнууд барууны дэвшилтэт технологи, зээл зэргийг орлохгүй ч хориг арга хэмжээнээс үүдэн эдийн засагт ирэх цохилтыг сааруулж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ