Өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг агаарын тээврийн компаниуд
2022-04-09


Зэрэгцэн суух хүнээ сонгох, агаарт явахдаа чаатлах зэргээр онгоцонд төрөл бүрийн өвөрмөц үйлчилгээ байдаг гэнэ. Хамгийн сонирхолтой үйлчилгээнүүдийн талаар “Моя планета” цахим хуудас нийтэлснийг орчуулан хүргэж байна. 

ХӨРШӨӨ СОНГОХ 

Агаарын тээврийн компани:    KLM Royal Dutch Airlines (Нидерланд)
Төлбөр:                                     Үнэ төлбөргүй 
   

   Олон цагийн нислэгийн үеэр таны хажууд суух таагүй хөрш тав тухтай байдлыг баллаж ч мэднэ. Тиймээс  Нидерландын KLM Royal Dutch Airlines компани хөршөө сонгох үйлчилгээ санал болгодог байна. 


   Энэ үйлчилгээг авахын тулд агаарын тээврийн компанийн цахим хуудас руу нэвтрэн орж, “Миний аялал” хэсэгт  бүртгүүлэх үедээ сонголтоо хийнэ. Үүний тулд олон нийтийн сүлжээн дэх аккаунтаараа орж, бусад зорчигчидтой хуваалцахыг зөвшөөрсөн мэдээллээ сонгоно.  Улмаар суудлын хуваарилалтын хэсэг дээр та бүртгүүлсэн зорчигчдын аккуант болон тэдний сонгосон суудлыг харах боломжтой.

 

ХОТЫН АЯЛАЛ 

Агаарын тээврийн компани:     Singapore Airlines (Сингапур), Qatar Airways (Катар)
Төлбөр:                                         Сингапурынх үнэ төлбөргүй, Катарынх нэг хүний 9 евро 


   Заримдаа дамжин нислэгийн үеэр дараачийн нислэг хүртэл олон цаг хүлээх хэрэг гардаг. Аялагчид энэ цагийг хий дэмий өнгөрүүлэхгүйн тулд үнэ төлбөргүй тойрон аялал санал болгодог компаниуд бий.

 
   Тухайлбал, Сингапурын Singapore Airlines  компани “Өв уламжлал” болон “Хотын гэрэл” нэртэй хоёр аяллыг зохион байгуулдаг байна. Эхний аялал нь 09:00 цагаас 18:00 цаг хүртэл, харин хоёр дахь нь 18:00 -22:00 цагийн хооронд зохион байгуулагддаг гэнэ. Энэ аялалд хоёр цаг гаруй хугацаа шаардагддаг тул нислэг хоорондын зай дор хаяж 5 цаг 30 минут байгаа үед л энэ аялалд хамрагдах боломжтой. Хятад хороолол, халуун орны ойн цэцэрлэгт хүрээлэнг үзэх энэхүү аялалд бүртгүүлэхийн тулд аялал эхлэхээс цагийн өмнө Чанги нисэх буудлын үнэ төлбөргүй аяллын бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ.  Мөн агаарын тээврийн компанийн цахим хуудсаар урьдчилан бүртгүүлэх ч боломжтой. 


   Харин Катарын  Qatar Airways компани Катарын сувд хэмээх хиймэл арал, Сук-Вакиф дорнын зах, Исламын урлагийн музей, Катарын соёлын тосгон гэсэн дөрвөн гол дурсгалт газрыг үзүүлэх аяллыг транзит зорчигчдод санал болгодог юм байна. эхний аялал 08.00 цагт эхлэх бол хамгийн сүүлийнх нь 20,00 цагт эхлэнэ.  Аялалд хамрагдахын тулд нислэг хоорондын зай доод тал нь 5 цаг байх ёстой.

 

  Аялахын тулд Хамад нисэх буудал дээр эсвэл агаарын тээврийн компанийн цахим хуудсаар дамжуулан урьдчилан бүртгүүлж болно. 

 

“НИСДЭГ АСРАГЧ”

Агаарын тээврийн компани:    Etihad Airways (Арабын Нэгдсэн Эмират Улс)
Төлбөр:                                         Үнэ төлбөргүй 

   Онгоцонд зорчих үед танд тухтай байлгахын тулд онгоцны үйлчлэгчид бүхнийг хийнэ. Тэр бүү хэл таныг ариун цэврийн өрөө рүү орох үед хүүхдийг тань тэвэрч, саатуулан үлдэнэ. Энэ бол наад захын үйлчилгээ. Харин 2013 оноос Эмиратын онгоцонд “Нисдэг асрагч” үйлчилгээ нэвтрүүлжээ. 


  Агаарын тээврийн компани сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх чиглэлээр мэргэшсэн Британийн Norland College-тэй мэргэжилтэн бэлтгэх гэрээ байгуулсан байна. 


  Улмаар эцэг эхчүүд ном унших, кино үзэх, эсвэл зүгээр л унтахыг хүсвэл “нисдэг асрагчид” хүүхдүүдтэй тоглон, хамтдаа зураг зурж, илбэ үзүүлж, хүүхэлдэйн театр болж тоглодог гэнэ. “Нисдэг асрагч”-ийг олоход тун амархан, тэрбээр улбар шар өнгийн хормогчтой зогсож байгаа. Мөн түүний үйлчилгээ үнэ төлбөргүй.

 
  Харин 5-12 насны хүүхэд ганцаараа нисэхээр бол харгалзан явах мэргэжилтэн шаардлагатай. Түүний үнэ нислэгийн чиглэлээс шалтгаалж 60-100 доллар байдаг гэнэ. Харин 12-оос дээш насны хүүхдүүдийг харгалзан явах зайлшгүй шаардлага тавьдаггүй  аж. 


АГААРТ ЧАТЛАХ 

Агаарын тээврийн компани:   Virgin America (АНУ), Alaska Airlines (АНУ)
Төлбөр:                                       Үнэ төлбөргүй 


   Хэн нэгэнтэй харилцах, ярилцах нь аялал сайхан байхын бас нэгэн хүчин зүйл гэж үзсэн агаарын тээврийн компанийнхан нэг онгоцонд зорчиж яваа хүмүүсийг чатад нэгтгэх санаа олжээ.

  Энэ чатад нэгдэхийн тулд утсаа вайфайд холбож, браузераас өгөгдсөн зааврыг дагахад л болно. iMessage, Facebook Messenger болон  WhatsApp –ын хэрэглэгчид энэ чатад нэгдэх боломжтой юм байна. 


УСНЫ ХУВЦАСТАЙ ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧИД 

 

Агаарын тээврийн компани:   VietJet Air (Вьетнам)
Төлбөр:                                       Үнэ төлбөргүй 

  Вьетнамын онгоцоор амралт зугаалгын хот руу явж байгаа бол унтах талаар нэг мөр мартаж болно. Ялангуяа эрчүүд. Учир нь энэ онгоцны үйлчлэгчид улаан шар өнгийн усны хувцастайгаар бүхээг дотор үйлчилдэг гэнэ. 


  Түүгээр ч зогсохгүй онгоц хангалттай өндөр авсан үед тэд гоёмсог өмсгөлтэйгээ бүжгийн шоу үзүүлдэг аж. 


  Энэ компанийнхан онгоцны үйлчлэгчдээ сонгохдоо маш хатуу шаардлага тавьдаг. Мэргэжлийн дадлага туршлага сайн, эрүүл мэндээр тэнцэхийн дээр фото моделийн  шалгууруудад нийцсэн байх ёстой гэнэ. 

 

“ТЭНГЭРИЙН ОР”

Агаарын тээврийн компани:   Air New Zealand (Шинэ Зеланд)
Төлбөр:   Гурван суудлын үнэ төлөх бөгөөд гурав дахь суудлын үнэ хямдралтай байна. 


  Дэлхийн олон орноос Шинэ Зеланд руу хүрэх аялал ихээхэн хүнд байдаг. Үүнийг ч агаарны тээврийн компанийнхан ойлгож, “Тэнгэрийн ор” гэх үйлчилгээ нэвтрүүлжээ. 

  Эконом ангиллын дараалласан гурван суудал ор болон хувирах бөгөөд урт нислэгийн туршид унтаж амрах, эсвэл хүүхдүүдээ тоглуулахад тун тохиромжтой аж. 


  Дэлгэгддэг түшлэгтэй сандлуудыг буулгаснаар хоёр том хүн багтах хэмжээний ор болон хувирдаг байна. 

 

СПА ҮЙЛЧИЛГЭЭ 


Агаарын тээврийн компани: Air Malta (Мальта)
Төлбөр: Үнэ төлбөргүй 


  Мальта-Лондон эсвэл Лондон-Мальта чиглэлийн онгоцны зорчигчдод нислэгийн үеэр массаж хийж өгдөг гэнэ. Мёка Спа хэмээх Мальтын спа салоны хоёр мэргэжилтэн хүссэн хүн бүрт толгой, хүзүү, эсвэл хөлний массаж хийж өгдөг байна.  

  Энэ үйлчилгээг хүн бүр авах эрхтэй түүнчлэн энэ агаарын тээврийн компанийн тасалбар худалдан авсан зорчигчид дээр нэр дурьдсан салоноор үйлчлүүлэх 20 еврогийн хөнгөлөлтийн тасалбар авдаг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Cекс үйлчилгээ үзүүлдэг авиа компани байн уу..
2022-04-09