Шанхайн оршин суугчид хүнсээ авч чадахгүй байна
2022-04-11

Хятадад гуравдугаар сард коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, улмаар ковидын тохиолдол огт гаргахгүй гэсэн бодлого баримталж байгаа БНХАУ-ын эрх баригчид хэсэгчилсэн хөл хорио тогтоох болсон юм. 

 

Улмаар Хятадын томоохон хот болох Шанхай хотод коронавирусийн халдвар дэгдсэнээр 26 сая хүн амтай энэ хотыг гуравдугаар сарын сүүлээс эхлэн бүхэлд нь хөл хорионд оруулж байв. Уханийн хөл хорионоос хойших хамгийн том хорионд орсон энэ хотынхон хоёр долоо хоногийн туршид гэрээсээ гарч чадахгүй байгаа юм. 

 

Энэ хотод гэрээсээ гарахыг хориглосон тул хүмүүс хүнсээ цахимаар захиалж байгаа аж. Гэвч хүргэлтийн компаниуд хэт их захиалга авснаас үйл ажиллагаа нь доголдож, хүмүүс захиалсан хүнсээ хугацаанд нь авч чадахгүй байгаагийн улмаас "өлсгөлөн гэдгийг одоо л мэдэж байна" гэх зэргээр олон нийтийн сүлжээнд бичжээ. 

 

"Би хөл хорионд 17 дахь өдрөө байна. Нэн тэргүүнд хүнс л хэрэгтэй байна даа. Би хүнс захиалахын тулд зургаан цагт боссон. Хүнс хүргээд ирчих боломжтой 10 апликейшн утсандаа татаж суулгасан ч аль нь ч болохгүй байна" гэж Шанхайн оршин суугч Жаред Нелсон Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, нутгийн оршин суугчид ухаалаг төхөөрөмж ашиглаж чаддаггүй настай хүмүүст илүүтэй санаа зовниж байгаа гэнэ. Түүнчлэн хэт их эрэлтийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ ч огцом өссөн нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж хотын оршин суугчид олон нийтийн сүлжээнд бичжээ. Нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс хүргэлтийн компаниуд шинээр 3000 ажлын байр зарласан байна. Гэсэн ч 26 сая хүн амтай хот бүхэлдээ хөл хорионд орсон үед захиалгыг хугацаанд нь хүргэнэ гэдэг боломжгүй зүйл гэж хэрэглэгчид бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэр ч харин үнэн байх шүү. Бүрт тусаад эдгэрсэн цагт л гайгүй болох байх
2022-04-11
зочин:
Хятадад цар тахалын халдварын тархалт улам ширүүснэ.
2022-04-11
Тэр ч харин үнэн байх шүү. Бүрт тусаад эдгэрсэн цагт л гайгүй болох байх