Зеленский: Оросууд Мариупольд химийн зэвсэг ашиглаж болзошгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ Орос улс Мариуполийг бүслэх үеэрээ химийн зэвсэг ашиглаж болзошгүйг анхааруулжээ.
"Өнөөдөр эзлэн түрэмгийлэгчид Украины болон манай хамгаалагчдын эсрэг алан хядах ажиллагааны шинэ шатыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг илэрхийлэх мэдэгдэл хийлээ. Тэд Мариуполийг хамгаалагчдын эсрэг химийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж мэдэгдсэн. Үүнийг нухацтай авч үзэх ёстой" хэмээн Зеленский мэдэгдсэн байна.
Энэ мэдэгдлийн дараа Украины Стратегийн холбоо харилцааны цэргийн удирдах газар мэдэгдэл хийхдээ Оросын цэргүүд Мариуполь дахь цэргүүд болон энгийн оршин суугчдын эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн онцолсон юм. Харин энэ байгууллага мэдээллээ батлах баримт дэлгээгүйн дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Оросууд химийн зэвсэг ашигласан талаар Украины тал ийнхүү мэдэгдсэний дараа Их Британийн Гамдаад хэргийн сайд Лиз Трасс "сөргөлдөөнийг харгис хэрцгийгээр өдөөж байна" гээд энэ мэдээллийг "яаралтай шалгаж байгаа" хэмээн Твиттер хуудсандаа бичжээ.
Оросууд химийн зэвсэг ашигласан талаарх мэдээллийг батлах баримт байхгүй, гэхдээ мэдээллийг шалгаж байгаа хэмээн Пентагон мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ