Нью-Йоркийн метронд зорчигчид руу халдаж, олон хүн шархаджээ
2022-04-13

Мягмар гарагийн өглөө АНУ-ын Нью-Йорк хотын метронд зэвсэгт халдлага болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр энэ хэргийн улмаас 20 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд сэжигтэн хэргийн газраас зугтсан, цагдаагийнхан түүнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

 

Тодруулбал, Бруклин дэх 36 дугаар гудамжинд байх метроны буудал дээр орон нутгийн цагаар өглөөний 08.30 цаг орчимд энэ хэрэг болжээ. Сэжигтэн этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 10 хүн галт зэвсгийн шарх авсан байна. Тэдний тавынх нь биеийн байдал хүндэвтэр, гэхдээ амь насанд нь аюулгүй хэмээн Нью-Йоркийн цагдаа мэдээлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, сэжигтэн этгээд тавцан дээрээс хүмүүс рүү буудаж, удалгүй галт тэрэг рүү утаат бөмбөг шиджээ. Хэргийн газраас дэлбэрэх төхөөрөмжүүд олсон, цагдаагийнхан болон галынхан хэргийн газарт ажиллаж байгаа хэмээн "Нью-Йорк таймс" мэдээлсэн байна.

 

Хүн олноор зорчдог метроны буудал дээр ийм хэрэг гарсантай холбоотойгоор Нью-Йоркийн захиргаа оршин суугчдыг энэ дүүргээр явахгүй байхыг уриалжээ.

 

Хэрэг болсны дараа АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ын Консулын хэлтэс анхааруулга гаргасан байна. Энэ мэдэгдэлд "Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээсэн. Тус хотод манай улсын 400 гаруй иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй болно" хэмээжээ. 


Түүнчлэн онц шаардлагагүй тохиолдолд АНУ дахь монгол иргэздийг хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ америк шезо хавар болоод хөдөлж байнадаа
2022-04-13