Путин: Украинд болж буй явдал эмгэнэлтэй ч бидэнд өөр сонголт байгаагүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Орост уулзан, хэлэлцээ хийлээ. Энэ уулзалтын дүнгээр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан бөгөөд хурлын үеэр Путин Украинд болж буй үйл явдлыг "эмгэнэлт явдал" хэмээн нэрлэсэн байна.
Тодруулбал, Украинд хийж буй өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа, олон хүн амиа алдаж байгааг Путин "эмгэнэлт явдал" хэмээн нэрлэсэн ч Орост өөр сонголт байгаагүй хэмээн онцолжээ.
"Украинд болж буй үйл явдал бол эмгэнэлт явдал. Гэхдээ сонголт үлдээгээгүй гэж Александр Григорьевич (shuud.mn: Лукашенко)зөв зүйтэй хэлсэн. Ердөө л сонголт байгаагүй, хэзээ эхлэх вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал байсан. Гүйцээ. Нутаг дэвсгэр дээрээ хэлцлийн хэд хэдэн шатыг сайн зохион байгуулсан Беларусийн талд талархаж байна. Украины талтай шууд хэлэлцээ эхлүүлсэн нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүчин зүтгэлтэй ихээхэн холбоотой байсан" хэмээн Путин мэдэгдээд Орос, Украины дараагийн хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдах боломжтой хэмээн онцолжээ.
Лукашенко энэ хэвлэлийн бага хурлын үеэр мөн л холбоотон улсынхаа үйлдлийг зөвтгөсөн мэдэгдэл хийсэн талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Украины нутаг дэвсгэр дээрээс Орос руу халдахаар зэхэж байсан тул Орос Украин руу довтолсон хэмээн Александр Лукашенко мэдэгджээ. Түүнчлэн Украин болон барууны орнууд Оросын цэргүүдийг буруутгаж буй Буча дахь аймшигт хэргүүдийг "Британийн тусгай ажиллагаа" хэмээн Лукашенко онцолсон байна. Мөн Орос, Беларусийн арми нэгдмэл хэмээгээд Беларусийн арми Украинд тулалдахгүй байгаа ч Беларусь улс дайнд оролцож байгааг хүлээн зөвшөөржээ.
Харин Путин Буча хот дахь үйл явдлын талаар тайлбарлахдаа Сирид химийн зэвсэг ашигласан гэж буруутгадгийн адил хуурамч мэдээлэл хэмээн онцолсон байна.
Эргэн сануулахад, ОХУ, Украины өнөөгийн нэн хурцадмал нөхцөл байдал хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхтэй. Энэ өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаалд гарын үсэг зурснаар Оросын арми Украин руу довтолж эхэлсэн юм. Путин анхандаа "энгийн иргэдэд огтхон ч хор хөнөөл учруулахгүй, гагцхүү цэргийн объектуудыг устгана" гэж байсан ч байлдаан эхэлсэн эхний өдрөөс л энгийн иргэд амиа алдаж эхэлсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Барууны хэвлэлүүдийн дамжуулсан, хүний амь эрсдэж байгаа талаарх мэдээллийг ОХУ-ын тал тухай бүрт няцааж байсан юм. Харин энэ удаад Владимир Путин Украинд болж буй үйл явдлыг "эмгэнэлт үйл явдал" хэмээн нэрлэсэн нь энгийн иргэд олноор амиа алдаж байгааг хүлээн зөвшөөрсөн явдал болов.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ