Известия: АНУ, Монголын хамтын ажиллагааны төлөвлөгөөний цаана юу нуугдаж байгаа вэ

Орос, Хятадын хил орчмын бүс нутагт гардаг аюултай халдварт өвчин үүсгэгчдийг судлахын тулд АНУ Монгол Улстай хамтран ажиллахаар зэхэж байгаа талаар Оросын Известия сонин мэдээлснийг бид өмнө нь товчлон хүргэж байсан.
Известия: АНУ Украины оронд Монголд биолаборатори байгуулах гэж байна
Энэ удаад ч мөн Монголд "биолаборатори байгуулах гэж байна" гэсэн нийтлэлийг гаргажээ. "Украинд хаагдсан биолабораториудыг Монгол руу шилжүүлэхээр зэхэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Ази гаралтай хүмүүсийн бие организмд аюултай вирусүүд хэрхэн нөлөөлөхийг судлах нь америкчуудын ажлын гол чиглэлүүдийн нэг байж болох юм" хэмээн Оросын Известия сонины нийтлэлд өгүүлжээ.
Известия сонины бичсэнээр, нөхцөл байдалтай ойр эх сурвалжууд энэ сонинд мэдээлэл өгөхдөө АНУ-ын Батлан хамгаалах яам Монголын нутаг дэвсгэр дээр биологийн судалгаа хийх өргөн цар хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар онцолсон гэнэ.
"Энэ төсөлд Америкаас гадна Германы мэргэжилтнүүд ч оролцох төлөвтэй байна. Редакцид мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр энэ талаарх баримт бичиг бэлэн болоход тун дөхсөн, гэхдээ Монголын тал үүнийг няцааж байгаа юм" хэмээн Известия сонины нийтлэлд өгүүлсэн байна.
Цаашлаад, энэ нийтлэлд өгүүлснээр, Известия сонины редакци АНУ-ын Батлан хамгаалах яаманд хандан мэдээлэл хүссэн ч хариу ирүүлээгүй, "гэхдээ АНУ-ын судлаачид үйл ажиллагаагаа нуух гэж төдийлөн хичээхгүй" байгаа гэнэ. "АНУ болон Герман улс сүүлийн жилүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гардан өвчнүүдийг идэвхтэй судалж, биоматериалууд цуглуулж байгаа, хөтөлбөрт АНУ-ын Зэвсэгт хүчний офицерүүд шууд оролцдог" хэмээн нийтлэлд өгүүлжээ.
ИЗВЕСТИЯ: "Германы микробиологийн хүрээлэн Монголын эрх баригчидтай идэвхтэй хамтран ажилладаг. Тухайлбал, 2019-2020 онуудад Германы Hykomed GmbH компанийн захирал Вальтер Поппын тэргүүлсэн төлөөлөгчид Улаанбаатар болон ойр орчмын нутаг дахь гурван эмнэлэгийн микробиологийн лабораторийг шалгасан. Энэ шалгалтын дүнгээр хийсэн тайланд тэрбээр нутгийн мэргэжилтнүүдийн бэлтгэгдсэн байдлын талаар шүүмжлэлтэй хандаж, Монголын мэргэжилтнүүдийг тогтмол мэргэжлийн сургалтад хамруулж, нэмэлтээр сургах шаардлагатай хэмээж байв"
Известия сонины нийтллэлд Хими болон биологийн зэвсгийн салбар дахь цэргийн шинжээч Олег Желтоножкогийн байр суурийг оруулжээ. Тэрбээр АНУ болон түүний холбоотнууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрсдийн үйл ажиллагааг эрхлэхээр идэвхтэй ажиллаж байгаа гэж үзэж байгаа аж.
"Энэ төрлийн биолабораториуд Гүрж болон Украинд ажилладагийг бид мэднэ. Одоо гарч байгаа мэдээллээс харахад Монголд ч энэ чиглэлээр ажиллаж байна. Европчуудад аливаа өвчин хэрхэн нөлөөлөхийг Европт судлаж байгаа бол Монголд хийж буй судалгаа нь ази гаралтай хүмүүст өвчний нөлөө ямар байхыг тогтоох зорилготой" хэмээн Желтоножко "Известия" сонинд ярьжээ.
Мөн энэ нийтлэлд, Монголд гарсан тарваган тахлын талаар онцолсон байна.
"Нөхцөл байдлын хачирхалтай давхцлаар, чухамхүү 2020 онд, Оростой хиллэдэг баруун Монголд тарваган тахал бүртгэгдэж, дараа нь энэ бүс нутагт хөл хорио тогтоосон юм. Үүнээс хэдэн сарын өмнө Хятадын хойд хэсэгт байх Өвөр Монголын нутагт тарваган тахал илэрч байв" хэмээжээ.
Мөн Известия сонины энэ нийтлэлд "АНУ-ын их сургуулиуд болон цэргийн биологийн байгууллагуудтай хамтын ажиллагаатай Монголын Эрүүл мэндийн яамны байгууллагуудын жагсаалт"-ыг нийтэлсэн байна. Үүнд:
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв
- Монгол Улсын Анагаах ухааны их сургууль
- Ахмадын анагаах ухааны хүрээлэн
- Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль гэсэн байгууллагуудыг эх сурвалж багтаасан байна.
Харин Монголын нутаг дэвсгэр дээр явуулсан судалгааны ажлуудын талаар өгүүлэхдээ "нээлттэй эх сурвалжаас авсан" хэмээн онцлоод 2015-2016 оны хооронд Жорж Мейсоны их сургуулийн доцент болон түүний Монголын хамтрагчид хачигаар дамжих өвчнөөс хамгаалах эсрэг биет цаатнуудад байгаа эсэхийг судалсан, 2007-2008 онуудад АНУ, Монгол хамтран Монголын нутаг дэвсгэр дээр мал сүргийн организмд хачгийн эмгэгч төрөгчийг илрүүлэх зорилготой хамтарсан судалгаа хийсэн" зэргээр Монголд хийгдсэн судалгаануудын талаар өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ