Австрали Оросын компаниудын эсрэг шинэ хориг тавьжээ
2022-04-14

Австрали улс Оросын компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний шинэ багц авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ багцад газрын тосны олборлолт, хөлөг онгоцны үйлдвэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой 14 компани багтсан гэж Австралийн Засгийн газар мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

Тодруулбал, шинэ хоригт "Газпром", "Газпром нефть", "Транснефть" зэрэг түлш, эрчим хүчний компаниуд,  "Совкомфлот", Шинэ Оросын тэнгисийн худалдааны боомт зэрэг байгууллагууд багтсан байна. Мөн Оросын "Камаз" автомашин, хөдөлгүүр үйлдвэрлэгч компани, алмаз олборлогч "Алроса" зэрэг компаниуд хоригт багтсан байна.

 

Энд дуулгахад, Орос улс өнгөрсөн долоо хоногт Австралийн 228 иргэнийг хар жагсаалтад багтаасан бөгөөд тэдний дунд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ч байгаа аж. Ийм арга хэмжээ нь "Путинд ойр" Оросын бизнесменүүдийн эсрэг Австрали улс хориг тавьсны хариу гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ-ын Төрийн Департментаас Шанхай дахь консулын газрын зайлшгүй шаардлагатайгаас бусад ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийг аюулгүй байдлын үүднээс Шанхай хотыг яаралтай орхин явах буюу эх орондоо буцахыг зөвлөсөн байна. Гуравдугаар сарын 28-наас эхэлсэн тэг зогсолтын улмаас Шанхай хотын 25 сая оршин суугчийн нөхцөл байдал хүндрээд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Мөн тээврийн жолооч нар хөл хорионд орсноор хүнсний нийлүүлэлт тасалдаж, иргэд хүнсний хомстолд орсноос эхлээд амиа хорлох явдал цөөнгүй гарч байгаа аж. Ковид-19 халдвар авсан нь тогтоогдсон иргэдийг эмнэлэгт шууд тусгаарлаж, гэрийн тэжээмэл амьтдыг нь хэрцгийгээр устгаж буй бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр мөн тарсан. Түүнчлэн халдвар авсан хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган тусгаарлаж буй явдал ч шүүмжлэл дагуулсаар байна. Улмаар Бээжингийн хатуу бодлогыг эсэргүүцсэн иргэд дэглэм зөрчин гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн тул эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүдийг Шанхай хотод оруулж эхлээд байгаа юм.
2022-04-14