Дөрвөн сартай нялх хүүхдээ гудамжинд хаясан эцэг эхийг шалгаж байна
2022-04-14

Өчигдөр олон нийтийн сүлжээнд нярай хүүхдийг гудамжинд хаясан бичлэг тарж, олны бухимдлыг төрүүлэв. Энэ асуудлаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл өгөв.

 

Найлайх дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн олон нийтийн сүлжээнээс хүүхэд орхигдсон тухай мэдээллийг авч, цагдаагийн албан хаагчидтай тухайн газарт очсон байна. Албаны хүмүүсийг очиход ээж аав нь хүүхдээ авч явсан байсан аж. Хаягийн дагуу гэрт нь очиход эцэг эх нь архи согтууруулах ундаа хэрэглэж, дөрвөн сартай нялх хүүхдийг  асран хамгаалах чадвартай байжээ. Тиймээс хүүхдийг түр хамгаалах байранд авчирч, эцэг эхийг нь эрүүлжүүлж, одоо тэднээс мэдүүлэг авч байна.

 

“Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хүчирхийллийн үнэлгээнүүдийг үндэслэн хорооны хамтарсан баг хуралдаж байна. Уг хурлаар энэ гэр бүлд үзүүлэх үйлчилгээний төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлнэ. Нөхцөл байдлыг тодорхойлсны дараа арга хэмжээнүүдийг авна. Хүүхдийн эрхийн хууль болон зөрчлийн хуулийн дагуу эцэг эх, асран хамгаалагч хүүхдийн дэргэд архидан согтуурсан тохиолдолд 300 нэгжээр торгох шийтгэлтэй. Хорооны хамтарсан багийн хурлаар хүүхдэд аюултай нөхцөл байдал тогтоогдвол гэр бүлд нь эргүүлж өгөхгүй” гэсэн мэдээллийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Хөхөө өглөө.

 

Тухайн хүмүүсийн эцэг эх байх эрхийг хасах хүсэлтийг харьяа цагдаагийн байгууллагаас шүүхэд хандаж, шийдвэрлүүлдэг байна.

 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 108 утсанд ирсэн 1507 дуудлагын 50 хувь нь эцэг эхчүүд архидан согтуурсанаас хүүхдээ асран хамгаалах чадваргүй нь тогтоогдож, хүүхдийг хамгаалалтад авсан байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ха ха согтууруулах хэрэглэж асран хамгаалах чадвартай байжээ гэнэ үү
2022-04-14