Армени Оросын байгалийн хийг рублиэр худалдан авч байна
2022-04-15

Армени улс Оросоос авах байгалийн хийн төлбөрөө рублиэр хийж эхэлсэн талаар тус улсын Эдийн засгийн сайд Ваган Кербоян мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Арменийн Эдийн засгийн сайдын өгүүлснээр, хоорондын төлбөр тооцоонд үндэсний валютыг ашиглах тал дээр дорвитой алхам хийх хэрэгтэй, Оросын талаас энэ чиглэлд нааштай алхам хийж байгаа гэнэ.

 

"Миний мэдэж байгаагаар, сүүлийн төлбөрүүдийг зохих ханшаар нь рублиэр хийсэн" хэмээн Ваган Кербоян мэдэгджээ.

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто мэдэгдэл хийхдээ Унгар улс рублиэр тооцоо хийхэд бэлэн, энэ нь ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг зөрчихгүй хэмээн онцолж байв. Түүнчлэн, Беларусь улс Оросоос газрын тос, байгалийн хий худалдан авахдаа рублиэр тооцоог нь хийхээр болсон юм.

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "нөхөрсөг бус орнуудад" байгалийн хий нийлүүлэхдээ төлбөрийг нь рублиэр тооцно гэж гуравдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, улмаар гуравдугаар сарын 31-ний өдөр холбогдох тушаалыг гаргасан юм. Ингэснээр худалдан авагчид Оросын банкуудад рублийн данс нээж, энэ дансаар дамжуулан хийн төлбөрийг төлөх ёстой болсон. Энэ нөхцлийг биелүүлээгүй бол худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тооцогдохоор болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин