"Москва" хөлөг онгоц живжээ

Хар тэнгист байсан Оросын Хар тэнгисийн флотын "Москва" байлдааны хөлөг онгоцыг Украины талаас пуужингаас харвасан гэсэн мэдээлэл пүрэв гарагт гарч байлаа. Харин ОХУ үүнийг хөлөг онгоц дээр зэвсэг дэлбэрсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв.
"Москва" байлдааны хөлөг онгоцыг бааз руу чирэх үед тэнцвэрээ алдаж, улмаар живсэн гэж Оросын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн байна. Энэ нь хөлөг онгоцны их бие гэмтсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
"3эвсэг дэлбэрснээс үүдсэн гал түймрийн улмаас их бие нь гэмтсэн "Москва" крейсерийг боомт руу чирэх үед хөлөг онгоц тэнцвэрээ алдсан. Улмаар хөлөг онгоц живсэн" хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдээлснийг Коммерсант дамжуулсан байна. Хөлөг онгоцны экипажийн бүрэлдэхүүнийг Хар тэнгисийн флотын өөр хөлөг онгоцууд руу нүүлгэн шилжүүлсэн байжээ.
"Москва" гвардын пуужингийн хөлөг онгоц анх 1983 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зэвсэглэлд нэвтрүүлж байсан аж. Үндсэн зэвсэглэл нь "Вулкан" П-1000 хөлөг онгоц эсэргүүцэх, дуунаас хурдан пуужин хөөргөх 16 төхөөрөмжтэй. Түүнчлэн завь эсэргүүцэх болон мина, торпедын зэвсэглэл, артиллер, агаараас эсэргүүцэн хамгаалах системээр тоноглогдсон байдаг гэнэ. Энэ хөлөг онгоцны экипаж нь 510 хүнээс бүрддэг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ