Хөх бас шар буюу Украиныг дэмжих загварын ертөнц

Украинд дайн эхэлснээс хойш хүн бүр л энэ улсыг чадах чинээгээрээ дэмжихийг хичээж байна. Дэлхийн олон алдартан энэ дайныг эсэргүүцэн олны өмнө мэдэгдэл хийж байсан бол зарим нь уран бүтээлээрээ дайныг эсэргүүцэж, Украиныг дэмжиж байгаа юм. Энэ үйлсэд загвар зохион бүтээгчид ч нэгджээ.
Balenciaga
Энэ загварын ордон саяхан Украины дүрвэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн хөх шар өнгийн коллекц гаргажээ. Мөн коллекцийн танилцуулгад уригдсан бүхий л зочдод Украины далбааны өнгө болох энэ хоёр өнгийг хослуулсан футболка тарааж өгсөн байна. Ийнхүү уран бүтээлээрээ дэмжихээс гадна Balenciaga дайнд хохирогсдод мөнгөн тусламж ч үзүүлсэн юм.
Botter
Botter брэндийн шинэ коллекцид ч Украины үндэсний өнгө багтжээ. Түүнчлэн загвар зохион бүтээгчнэгэн хүрмэн дээр "No war" буюу "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичгийг ч байрлуулсан байна.
Gucci
Гучигийн уран бүтээлд ч Украиныг дэмжсэн өнгө аяс тодорчээ. Украины төрийн далбаанд ордог хөх, шар өнгө төгс зохицдогийг ч дахин нэг баталсан байна.
Marni
Энэ брэнд намар, өвлийн коллекцийнхаа ихээхэн хэсгийг Украиныг дэмжихэд зориулжээ. Загвар зохион бүтээгчид Украинтай эв санаа нэг байгаагаа илэрхийлэхийн тулд шар, хөх өнгийг хувцас, гутал урласан байна.
Хөх, шар хослол бүхий Lalo гутал
Гүржийн алдартай гутлын брэнд Украиныг дэмжих дэлхийн хандлагад нэгджээ. Энэ брэндийг үүсгэн байгуулагч Лало Бакрадзе Украины далбаанд ордог өнгийг ашиглан хэд хэдэн хос туфли урласан байна. Тэрбээр гутлаа "Freedom Blue & Energizing Yellow" буюу "эрх чөлөөт хөх ба эрч хүчийг өгөгч шар" хэмээн нэрлэжээ.
Lanvin
Францын энэхүү загварын ордон ч Украиныг дэмжих давлагаанаас хоцорсонгүй, бүтээлдээ хөх, шар өнгийг ашиглахаар шийджээ. Энэ хослолоороо тэд Украины ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ