Н.Бумцэнд: Нийслэлийн 9 байршилд амралтын өдрийн худалдаа зохион байгуулна
2022-04-18

 

Засаг даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн засаг дарга өгсөн. Улмаар Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжтой 34 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа үйлчилгээ эрхлэх түр байрыг судалж, дүүрэг бүрт ажиллах байршлуудыг гаргасан. Энэ хүрээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндтэй  ярилцлаа.

 

Нийслэлийн хэмжээнд эхний ээлжинд амралтын өдрөөр худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой нийтийн эзэмшлийн 9 цэгийг гаргасан. Тухайн 9 цэгийн байршил нь хаана вэ?

 

“АМРАЛТЫН ӨДРИЙН ХУДАЛДАА”  ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

 

Дүүрэг, хороо

 

Байршил

Хариуцах байгууллага

Хугацаа

1

 

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо

Нийслэл хүрээ өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.04.30-2022.05.01

2022.05.28-2022.05.29

 

2

Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо

Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.07-2022.05.08

2022.06.04-2022.06.05

 

 

3

 

Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо

Наадамчдын зам гудамж, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн талын талбай

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.14-2022.05.15

2022.06.11-2022.06.12

 

4

Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.21-2022.05.22

2022.06.18-2022.06.19

 

5

 

Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо

Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Жуковын нэрэмжит талбай

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.28-2022.05.29

2022.06.25-2022.06.26

 

6

 

Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо

Жуулчны гудамж, Барилгачдын талбай

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.04.30-2022.05.01

2022.06.04-2022.06.05

 

7

 

Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр  хороо

Москвагийн гудамж Цамбагарав төвийн урд талын талбай

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.07-2022.05.08

2022.06.11-2022.06.12

 

8

 

Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо

Залуучуудын гудамж, Сансрын үйлчилгээний төвийн хойд талын талбай

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

2022.05.14-2022.05.15 2022.06.18-2022.06.19

 

 

9

 

Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо

Махатма Гандигийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талын талбай

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

2022.05.21-2022.05.22

2022.06.25-2022.06.26

 

 

Нийтийн эзэмшлийн тус 9 талбайд  ямар худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой вэ?

 

-Хуулиар хориглосноос бусад бараа бүтээгдэхүүн худалдах боломжтой. Зай талбайгаас хамаарч явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг гарч болно.

 

Худалдаа хийх байршлын тохижилтыг хэн хариуцах вэ? Жишээлбэл, павильон, лангуу түрээслэх үү?

 

-Тухайн цэгт үйлчилгээ эрхлэгч нь  худалдаа үйлчилгээ эрхлэхдээ өнгө үзэмж сайтай сүүдрэвч, барааны тавиур, ширээ сандлыг түр байршуулаад хурааж авна. Өөрөөр хэлбэл, тухайн үйлчилгээ эрхлэгч нь өөрөө хариуцна гэсэн үг.

 

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шаардлага тавих вэ?

 

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласан.  Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөл, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажил юм. Тиймээс нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцох боломжтой.

 

Нийслэлийн Засаг даргын захирамж болон зохион байгуулалтын заавар зөвлөмжийг дүүргүүдийн ЗДТГ болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэх төв рүү хүргүүлсэн. Нийтийн эзэмшлийн талбайн худалдаа, үйлчилгээ дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ.

 

Дүүргийн ЗДТГ-ын хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэх төвтэй хамтран тухайн цэгт хэдэн төрлийн үйлчилгээ эрхлэх боломжтойг  тооцоолон гаргана. Үүний дараа үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэнэ.

 

Худалдаа үйлчилгээ эрхлэгчид хаана хандаж, бүртгүүлэх вэ?

 

-Харьяа дүүргийнхээ ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэх төвд бүртгүүлнэ.

 

Зөвхөн амралтын өдөр биш тогтмол зохион байгуулж болох уу?

 

-Зөвхөн амралтын өдрөөр л худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой. Амралтын өдрөөр хүн олноор цуглардаг 9 байршлыг сонгож авсан. Цаашид 34 байршилд худалдаа, үйлчилгээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Дэлхийн томоохон хотуудад гудамжны хоол, худалдаа бий. Гэтэл яагаад нийслэлд ил задгай үйлчилгээ эрхлэх боломжгүй байдаг юм бэ?

 

-Өмнө жилүүдэд нийтийн эзэмшлийн талбайд зайрмаг, жимс ногооны худалдаа зэрэг худалдаа үйлчилгээ үзүүлдэг байсан. Коронавируст халдварын улмаас хоёр жилийн хугацаанд нийтийн эзэмшлийн талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох боломжгүй байсан. Энэ жилээс худалдаа эрхлэх байршлыг нь батлаад ямар худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтойг нь тодорхойлоод бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна.

 

Саяхан машинтай гудамжинд хоол зарсан залуусыг хөөсөн. Ямар шалтгаантай байсан бэ? Хэзээ гудамжны хоол үйлчилгээтэй болох вэ?

 

-Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор “Онлайн бизнес төв” төслийн “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгүүлээд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл тухайн үйлчилгээ эрхлэгчид нь үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлээгүй байсан. Тодруулбал, тухайн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлээд харьяа дүүргийнхээ ЗДТГ-аас зөвшөөрсөн газарт үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ингэхдээ явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн стандартын шаардлагыг хангасан байх ёстой.

 

Ulaanbaatar.mn сайтын “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем” рүү хандахаар Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг гэсэн бүртгэлийн цэс бий. Үүнд  тавигдах шаардлага нь байгаа. Өнөөдрийн байдлаар шалгахад явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгээр үйлчилгээ эрхлэхээр бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байхгүй байна.

 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ ажиллагаагаа иргэдэд сайэ тайлбарлаж ТВ болон нийгмийэ сүлжээгээр сайн сурталчлах хэрэгтэй шүү Эс тэгвээс Цагдаа МХГ гэ мэтбайгууллага ирээд дарамтлаад байна.
2022-04-18