Хойд Солонгос цөмийн туршилтаа сэргээжээ
2022-04-18

Хойд Солонгос "тактикийн цөмийн нөөц боломжийг нь эрс дээшлүүлэх" туршилтуудыг амжилттай явуулсан талаараа мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна. 

 

"Шинэ төрлийн тактикийн удирдлагатай зэвсэг нь тэргүүлэгч артиллерийн хэсгүүдийн галын хүчийг сайжруулах, тактикийн цөмийн зэвсгүүдийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой" гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

 

Энэ мэдээлэл нь бямба гарагийн орой тэнгис рүү харвасан бага тусгалтай пуужингийн туршилттай холбоотой гэдгийг Өмнөд Солонгосын цэргийнхэн баталсан байна.

 

Энд дуулгахад, БНАСАУ 2017 онд албан ёсоор цөмийн туршилтуудаа зогсоож байсан. Улмаар Өмнөд Солонгос болон АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ нотлох үүднээс цөмийн полигоны хонгилыг дэлбэлж байв. Харин бямба гарагт хөөргөсөн пуужингийнхаа араас "цөмийн зэвсэг"-ийн талаар онцолсон нь БНАСАУ ойрын үед тактикийн цөмийн зэвсэг боловсруулахаар төлөвлөж байгаагийн нотолгоо гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн , бямба гарагт пуужин харвасан нь дөрөвдүгээр сарын 18-нд эхлэх АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтад өгч буй хариу үйлдэл гэж харж болно хэмээн шинжээчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин