Б.Гантулга: МИК ипотекийн зээл олголтод оролцдоггүй
2022-04-18

 

Монголын ипотекийн корпорациас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

“Монголын Ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “2006 онд Монголбанк болон арилжааны 10 банк хамтран “МИК”-ийг үүсгэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

 

2015 онд бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, сайн засаглалыг бий болгох зорилгоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаагаа олон нийтэд санал болгосноор хувьцаат компани болсон.

 

Манай байгууллага үүссэн цагаасаа хойш Монгол Улсад орон сууц санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр маш олон гадны байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үйл ажиллагаандаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсээр ирсэн. Үүний баталгаа нь жил бүр зээлжих зэрэглэлийг олон улсын рейтингийн агентлагуудаар, санхүү тайлангаа олон улсын аудитын компаниудаар, түүнчлэн үйл ажиллагааныхаа чиглэлд олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үүсгэн байгуулсан холбоонд элсэж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. 

 

Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн зорилтод бүлгийг тодорхойлж, эх үүсвэр олгохдоо зээлийн нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоодог. 2013 оноос хойш Монголбанкны эх үүсвэрээр энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн. Түүнчлэн арилжааны банкууд эдгээр хөтөлбөрт эх үүсвэр гаргаж,  иргэдэд ипотекийн зээл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Нөгөө талд нь арилжааны банкууд эдгээр олгосон зээлийг буцаан цуглуулах үйлчилгээг үзүүлдэг. Санхүүгийн зохицуулах хорооноос хуулийн дагуу ипотекийн зээлээр баталгаажсан бондыг гаргахтай холбоотой зөвшөөрлийг олгодог.

 

Төрөөс олгож буй эх үүсвэр нь арилжааны банкаар дамжин иргэдэд зээл болж очдог. Монголбанк арилжааны банкуудад орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт эх үүсвэрийн 60 хувийг олгодог бол арилжааны банкууд 40 хувийг өөрийн эх үүсвэрээр олгож байна. Зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд богино хугацаанд нэг жилийн хугацаатай зээл болгож гаргадаг. Арилжааны банкууд иргэдэд 6 хувийн 30 хүртэлх жилийн хугацаатай зээл олгож байгаа. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй. Банк бие даан шийдвэр гаргадаг. Мөн иргэдээс  аливаа шимтгэл, хураамж авдаггүй.

 

Зээлийн нөхцөл буюу хүүгийн хувь хэмжээ, хугацаа, урьдчилгаа төлбөрийн хэмжээ зэргийг эрх бүхий байгууллага тогтоодог. Түүнчлэн шалгуур үзүүлэлтийг нь эрх бүхий байгууллага тогтоодог.

 

МИК нь  үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд  үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар  дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл,  арилжааны банкны бие даан олгосон ипотекийн  зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн  зээлээр баталгаажсан бонд  гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр нь 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх  боломжийг  бүрдүүлж,  үр дүнд нь 90 мянган айл өрх өөрийн орон сууцтай болоод байна.

 

 

Ипотекийн зээл иргэдэд очиход  тогтоож байгаа зээлийн хүү хэмжээнд МИК оролцдоггүй. Энэ нь Монголбанк, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоодог. " гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МИК-ийн ард тэр сахал Эрдэнэбилэг гэгч байгаа юм биш үү?
2022-04-19
Самарсайхан сурсанаараа самарч байна даа. Ийм хүн яаж шадар сайд хийж байна… . Сайн хүн болох гэж …
2022-04-19
Зочин:
МИК БАЙХГҮЙ БОЛ ИПОТЕКИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖТОЙ ЮМ БИШ ҮҮ
2022-04-18