"The Shining" кинон дээр ашигласан сүхийг дуудлагаар худалдана
2022-04-19

1980 онд дэлгэцнээ гарч байсан, Стэнли Кубрикийн "Shining" кинон дээр гардаг сүхийг дуудлага худалдаанд оруулжээ. TMZ сонины мэдээлснээр, энэ сүх доод тал нь 100 мянган доллараар зарагдана гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид тооцоолж байгаа гэнэ. 

 

Кинон дээр Жек Николсон эхнэр хүүгээ хөөхдөө гартаа барьсан сүхийг Gotta Have Rock and Roll дуудлага худалдааны газар зарах юм байна. Дуудлага худалдааг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр эхлүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь, 2019 онд энэ сүхийг дуудлага худалдаагаар 200 мянган доллараар худалдаж байв.

 

"The Shining" киног Стивен Кингийн романаас сэдэвлэн найруулагч, продюссер Стэнли Кубрик 1980 онд бүтээсэн. Хэдийгээр кино дэлгэцнээ гарсан жилд энэ кинотой холбоотой таагүй шүүмжүүд гарсан ч "The Shining" киног түүхэн дэх хамгийн агуу кинонуудын нэг гэж хүлээн зөвшөөрч байсан юм. 2018 онд энэ киног АНУ-ын Конгрессын номын санд хадгалагдах кинонуудын жагсаалтад багтааж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин