Г.Оюунбат: Энэ жил 60 мянган мод, бут, сөөг тарина
2022-04-21 08:26

 

Нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлт, төсөв, арчилгааны талаар Нийслэлийн хот тохижилтын газрын ногоон байгууламжийн ахлах мэргэжилтэн Г.Оюунбаттай ярилцлаа.

 

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэлсэн харагдана. Энэ жил хэчнээн га талбайд ногоон байгууламжийн ажил хийх вэ? Уг ажилд зориулж хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

 

-Нийслэлийн хот тохижилтын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай гэрээний дагуу төвийн зургаан дүүргийн 49 гудамж 52.9 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг. Үүнд нийслэлээс 3 тэрбум 353 сая төгрөгийг төсөвлөсөн. Ер нь жилд нийслэлийн хэмжээний ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажилд ойролцоогоор 14 тэрбум төгрөг төсөвлөдөг. Улмаар хот тохижилтын газар болон төр хувийн хэвшлийн түншлэлээр иргэн аж ахуй нэгж байгууллагуудад тодорхой хэмжээний төвийн гудамжнуудыг арчилгааны ажлын хэлбэрээр олгодог.

 

Хаврын арчилгааны ажлууд явагдаж байна. Тухайлбал, мод шохойжилт, улиас мод хэлбэржүүлэлтийн ажил хийгдээд дууссан байна. Ногоон байгууламжийн хайс засвар, цацруулагч наах зэрэг ажлууд хийгдээд явж байна. Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын эхээр мод бут тарилтын ажил зүлэг тарих, цэцэг тарих, хөрс боловсруулалтын ажлууд хийгдэж байна.

 

Нийслэлд энэ жил хэчнээн мод суулгах вэ?

 

-Намрын үзлэг тооллогоор механик гэмтэлд өртсөн, хүний хөлд талхлагдсан ногоон байгууламжийн хэмжээг гаргаж, ирэх оныхоо төсөвт суулгаж, ирэх оны ажлаа төлөвлөдөг. Тодруулбал, нөхөн тарих болон шинээр гудамж цэцэрлэг тохижуулах ажлыг төлөвлөдөг гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу 2022 оны ажлаа гүйцэтгэж байна.  Энэ жил  нийт 60 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн. Мөн шинээр болон нөхөн тарилтаар 120 мянган мкв талбайд зүлэг тарих бол замын уулзвар, гарц, аюулгүйн тойрог, Сүхбаатарын талбай зэрэг онцлог объектуудад 180 мянган нэг наст цэцэг тарихаар төлөвлөсөн.

 

Тавдугаар сарын 10-25-ны өдрүүдэд мод тарих ажил хийгдэж дуусна.

 

Мод, бут, сөөгийг хаанаас нийлүүлдэг вэ?

 

-Нээлттэй тендер зарлаж, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ хийж, шаардлагын дагуу мод бутаа хүлээж авдаг.

 

Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын усалгааны машин хэчнээн байдаг вэ?

 

-Хот тохижилтын газар 18 тусгай зориулалтын усалгааны машинтай. Хавар болон намрын услагаа, ургамал ургалтын үеийн арчилгааны усалгааг хийж байгаа.

 

Хот тохижилтын газарт хэчнээн мэргэшсэн цэцэрлэгч ажилладаг вэ?

 

-Хот тохижилтын газар 670 орчим ажилтан албан хаагчтай. Үүнээс ногоон байгууламжийн алба нь 134 хүний орон тооны бүтэцтэй. Талбайд гардан ажилладаг 95 мэргэшсэн  цэцэрлэгч ажиллаж байна.

 

Энэ жил нийслэлд шинээр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах уу?

 

-Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахгүй. Харин орон сууцны хороолол дундах тоосгон граашийг буулгаж, хөрс, талбай тэгшилгээ, хог ачилт зэрэг   бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Мөн төвийн зургаан дүүргийн орон сууцны хороолол дундах тоосгон граашийг буулгах, тохижилтын ажлыг хот тохижилтын газар хариуцан ажиллаж байна.

 

Нийслэлийн ногоон байгууламжид иргэд хэр хохирол учруулдаг вэ?

 

-Иргэдийн хандлага нэг үеэ бодвол өөрчлөгдсөн. Гэвч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барих, шугамын ажил зэргээс шалтгаалж ногоон байгууламж сүйддэг. Үүнийг нөхөн сэргээлтийн зардлаар нь нөхөн сэргээдэг.

 

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн олон ногоон байгууламжтай нь ямар дүүрэг вэ?

 

-Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг хамгийн олон  ногоон байгууламжтай Харин Сонгинохайрхан дүүрэг хамгийн том нутаг дэвсгэртэй боловч ногоон байгууламжийн тоо хэмжээ бага. Учир нь гэр хороолол ихтэй. Өнгөрсөн жил 100 мянга гаруй бут сөөг тарьсан. Энэ жил 65 мянга орчим бут сөөг тариалахаар төлөвлөсөн.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Гадаа дулаарчаад байхад мод бутаа услаж хайс хашааг нь угааж өнгийг нь сэргээгээчээ!!!
2022-04-21