Казахстаны сургуулиудад ялалтын баярт зориулсан арга хэмжээ болохгүй
2022-04-21

Казахстаны сургуулиудад тавдугаар сарын есний өдөр тэмдэглэдэг Ялалтын баярт зориулсан аливаа төрлийн арга хэмжээ болохгүй гэж тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яам мэдэгджээ. 

 

"Тавдугаар сарын долоон болон есний өдрүүдэд тэмдэглэдэг баяруудын өмнө сурагчдад эх оронч хүмүүжил, дайнд оролцогчдын ялалтад оруулсан хувь нэмэр, эх орноо хайрлах үзэл, энх тайван, эв нэгдэл чухал болохыг ойлгуулсан хичээл орно. Харин ялалтын баярт зориулсан жагсаал зэрэг арга хэмжээ болохгүй" гэж Казахстаны Боловсролын яамны мэдэгдэлд өгүүлжээ. Түүнчлэн цэргийн хувцас хэрэгсэл өмсөх, театрчилсан тоглолт хийх шаардлагагүй хэмээн онцолсон байна.

 

Энд дуулгахад, Казахстан улс энэ онд тавдугаар сарын есний өдөр цэргийн парад зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж байлаа. Энэ нь зардал хэмнэхтэй холбоотой гэж эрх баригчид нь тайлбарласан юм.

 

Парад зохион байгуулах хөрөнгийг цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэлд зарцуулах нь зүйтэй гэж Казахстаны Батлан хамгаалахын сайд Руслан Жаксылыков дөрөвдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр нэг парад зохион байгуулахад есөн сая орчим доллар зарцуулагддаг аж. 

 

Казахстанд хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын долооны өдөр цэргийн парад болж байв. Энэ парадад 3000 цэргийн алба хаагч, 300 зэвсэг, цэргийн техник оролцсон юм. Харин 2019 онд парадын оронд цэргийн сургуулилалт болсон бол 2020 оны парадыг цар тахлын улмаас цуцалж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэмнэсэн доллараар хэдэн ширхэг жавелин, баярактар худалдаад авчихвал ирээдүй цагт оросын эсрэг хэрэг болно гэдгээ ухаарсан байна. Мундаг байна гэхээс өөр юу хэлэх вэ,
2022-04-21
Хойд Казахстаны БНАУ санал асуулгаар бий болбол, гайхах хэрэггүй.
2022-04-21
зочин:
Орос украйнаас крым, донбассыг салгаж авсаныхаа дараа казакстаны хойд мужуудыг салгаж авах нь тодорхой, тэрнийгээ ч нэг их нуухгүй л байгаа ш дээ
2022-04-21