ОХУ Украины Херсон хотод олон нийтийн санал асуулга явуулахаар бэлдэж байна

Оросын эрх баригчид Херсон хотыг эзлэн түрэмгийлснээ зөвтгөх үүднээс "тавилттай санал асуулга" явуулах гэж байна гэж Британийн Батлан хамгаалах яам тагнуулын газраасаа авсан мэдээлэл дээр үндэслэн мэдэгджээ. Энэ хотод хуурамч санал асуулгыг тавдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулж болзошгүй гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович ням гарагт мэдэгдэж байв.
"Тэд үйл явцыг түргэсгэхийг хичээж байна, эхний бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 27-нд эхэлнэ. Өөр эх сурвалжуудын мэдээлснээр, тавдугаар сарын 1-10-ны хооронд санал асуулга явуулах байх" хэмээн Арестович мэдэгдэж байлаа.
Херсон бол Украины өмнөд зүгт байх хот. Энэ хотыг хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр Оросын цэргүүд эзэлсэн юм. Энэ хотын оршин суугчид эзлэн түрэмгийллийг эсэргүүцэн удаа дараа тайван жагсаал хийж байсан бөгөөд тухай бүрт Оросын цэргүүд хүч хэрэглэн тараасан гэх мэдээлэл гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ