БНХАУ руу нийлүүлэх Оросын нүүрсний экспорт 2,5 дахин өсжээ
2022-04-26

БНХАУ руу нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,5 дахин өсжээ. Мөн сүүлийн жилд энэ түүхий эдийн үнэ тав дахин өссөн гэж мэргэжилтнүүд онцолсныг Блүмберг дамжуулсан байна. Түүнчлэн Орос улс Хятад, Энэтхэгийн зах зээлд түлхүү анхаарж болзошгүй гэж шинжээчид үзжээ. 

 

Блүмберг агентлагийн мэдээлснээр, БНХАУ гуравдугаар сард Оросоос 1,4 сая тонн нүүрс худалдан авсан байна. Өмнөх оны гуравдугаар сард 550 мянган тонн нүүрс авч байжээ.

 

БНХАУ-ын нийт эрчим хүчний 60 хувийг дулааны цахилгаан станцаар үйлдвэрлэдэг тул Хятадын эрх баригчид нүүрс олборлолт болон импортоо нэмэгдүүлэхээр зэхэж байгаа юм.

 

Ийм нөхцөлд Орос улс БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч болж магадгүй гэж шинжээчид үзсэн байна. Энэ зах зээлд Оростой өрсөлдөгч нь Австрали, Индонези, Монгол Улс хэдий ч Австралиас нийлүүлэхэд логистик хязгаарлагдсан, харин Индонези, Монголын нүүрсний үнэ өндөр гэдгийг шинжээчид онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ БНХАУ руу жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин өндөр дүн аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин