Иран Афганистантай залгаа хил рүү танкийн дивиз илгээжээ
2022-04-26

Ираны эрх баригчид Афганистантай залгаа хилийн бүс рүү хуягт танкийн дивиз илгээсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хил рүү 88 дугаар танкийн дивизийг илгээсэн байна. Ираны Докарун -Афганистаны Ислам Кала боомт орчимд болсон үйл явдалтай холбоотойгоор аюулгүй байдлыг бодолцон ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ Иран энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

Боомт орчимд болсон хэргийг тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Иран, Афганистаны хилийн боомт дээр хилчдийн хооронд сөргөлдөөн гарч, улмаар Ираны талаас хилийн боомтыг түр хугацаанд хаажээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, талибууд "Ислам-Кала" боомтоос холгүйхэн зам тавих ажлыг эхлүүлсэн байна. Энэ ажлыг гүйцэтгэгчид нь хилийн бүсэд шинэ зам тавих албан ёсны зөвшөөрөлгүй байсан тул Ираны хилчид зам тавих ажлыг зогсоосны дараа сөргөлдөөн үүсжээ. Одоогоор зам барих ажил зогссон, хоёр талын эрх баригчдын төлөөлөгчид энэ асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин