Оросын хийгүй хоцорсон Польш, Болгар буюу талуудын амсах хохирол

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ОХУ Болгар болон Польш руу хий нийлүүлэхээ зогсоов. Энэ нь эдгээр орнууд хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсанаас улбаатай юм. Үүний дараа Финлянд, Эстони улс ч Оросоос авах байгалийн хийн төлбөрөө рублиэр хийхээс татгалзсан гэсэн мэдээлэл гарлаа. Одоогоор үүнд "Газпром" ямар нэг тайлбар хийгээгүй байна, гэхдээ Польш, Болгарын адилаар Финлянд, Эстони байгалийн хийгүй үлдэх нь цаг хугацааны л асуудал болов.
ОХУ Украин руу довтолсны дараа барууны орнууд төрөл бүрийн хориг тавьж, улмаар ОХУ "нөхөрсөг бус орнууд" гэх жагсаалт гаргасан бөгөөд энэ жагсаалтад багтсан орнууд Оросоос хий авахдаа рублиэр тооцоо хийж, "Газпромбанк"-д данс нээлгүүлэн төлбөрөө төлөх журам гарсан юм.
Ийм дансыг 10 орон нээлгэсэн, тэдний дунд Итали улс байж магадгүй Блүмберг мэдээлжээ. Харин Оросын талаас тавьсан шаардлагыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа зарласан цорын ганц улс нь одоогоор Унгар улс л байгаа юм.
"Рублиэр тооцоо хийх" гэдэг нь худалдан авагчид шууд рублиэр төлбөр хийнэ гэсэн үг биш. Худалдан авагчаас валют хүлээн авсан "Газпромбанк" валютыг рублиэр солин, худалдагч тал буюу "Газпром"-ын дансанд шилжүүлэх аж. Ингээд худалдагчийн дансанд рубль шилжин орж ирсэн нөхцөлд гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүрэг биелсэн гэж үзэх юм байна.
Байгалийн хийгүй үлдсэн Польш, Болгар
Польш, Болгар Оросын талаас тавьсан шаардлагаас татгалзсанаар байгалийн хий авах боломжгүй болов. Тэд Оросын тал хийгээ хаасныг гэрээгээ зөрчсөн хэрэг хэмээн нэрлээд хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй хэмээн мэдэгдэж байлаа. Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь одоогоор тодорхойгүй, ямартай ч Польш, Болгар улс Европын бусад орнуудын адилаар хүндхэн асуудалтай тулгарав. Учир нь ОХУ Европын холбооны нийт байгалийн хийн нийлүүлэлтийн 40 хувийг хангадаг юм.
Гэхдээ Оросын хийгээс бүрэн татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энэ улсын Стратегийн эрчим хүчний дэд бүтцийн асуудал хариуцсан бүрэн эрхэт түшмэл Петр Наимскийн мэдэгдсэнээр Польш улс Baltic Pipe хоолойгоор жилд 10 тэрбум хий авна гэж найдаж байгаа аж. Энэ нь Оросын талаас нийлүүлдэг хийн хэмжээтэй дүйхүйц юм. Baltic Pipe хоолой ашиглалтад орох дөхсөн гэх бөгөөд Польш, Данийн хооронд баригдаж байгаа юм. Энэ хоолойг барих ажил дууссанаар Норвегийн хий тээвэрлэх сүлжээнд холбогдож, Даниар дамжуулан Норвегиэс Польш руу хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Харин Болгарын хувьд байдал хүнд. Учир нь энэ улс Оросын хийнээс 90 хувь хамааралтай. Гэхдээ Азербайжанаас хий авдаг тул цаашид Оросын хийнээс татгалзана гэж өмнө нь мэдэгдэж байлаа. Энэ нь улс төртэй хамааралгүй, Азербайжаны хий Оросынхтой харьцуулвал хямдхан гэж эрх баригчид нь мэдэгдэж байлаа.
Түүнчлэн Грект байгалийн шингэрүүлсэн хийн хөвөгч терминал байдаг бөгөөд эндээс Болгар улс хий худалдан авах боломжтой. Ийм боломжууд байгаа ч одоогоор Болгар улс Орос хий нийлүүлэхээ зогсоосон нөхцөлд багагүй хохирол амсана гэж шинжээчид үзжээ.
Орост хэрхэн нөлөөлөх вэ
Шинжээчдийн үзэж байгаагаар, Польш, Болгарыг алдах нь Газпромын хувьд ашгаа алдаж, хөрөнгө оруулалт багасах эрсдэл дагуулж болзошгүй гэнэ. Харин Оросын улсын төсөв татвараас олох орлогоо алдах аж.
ОХУ Европ руу нийлүүлдэг хийн экспортын 8-9 хувь нь Польш, Болгарт ногддог байжээ. Энэ нь ойролцоогоор 600 тэрбум орчим рубль аж. Ийм хэмжээний мөнгө ихэд тооцогдох ч Оросын хувьд ноцтой хүндрэл дагуулахгүй гэж эдийн засагчид үзэж байна.
Харин Газпромын экспортын 45 хувийг эзэлдэг Герман, Франц руу хий нийлүүлэхээ зогсоовол эндээс үүдэх хохирол хэдэн их наяд рублиэр хэмжигдэж, Оросын хувьд хүндхэн цохилт болно гэж шинжээчид үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ