Европын холбоо Украины бараа бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлнэ
2022-04-28

Еврокомисс Украины бараа бүтээгдэхүүний экспортод ногдуулдаг татварыг нэг жилийн хугацаатайгаар цуцлахаар болжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолсоныг ВВС дамжууллаа. 

 

"Украины экспортод ногдуулдаг татвар, хураамжийг жилийн хугацаанд цуцлах шийдвэрийг Еврокомисс гаргасан. Түүнчлэн демпингийн эсрэг тариф ч цуцлагдана" хэмээн Зеленский мэдэгджээ.

 

Зеленскийн өгүүлснээр, тэрбээр энэ саналын талаар Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляейнтэй нарийвчлан ярилцсан гэнэ.

 

"Энэ алхам  нь Украины эдийн засгийг хамгаалж, манай үндэсний үйлдвэрлэлийг хадгалж үлдэх боломж олгоно. Европын болон дэлхийн зах зээлд манай бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр экспортлох нь хямралыг давахад томоохон түлхэц болох юм" хэмээн Зеленский цохон тэмдэглэжээ.

 

Түүний өгүүлснээр, Украины экспорт зах зээлийг тогтворжуулахад дэмжлэг болох бөгөөд тиймээс энэ нь Украинд төдийгүй европчуудад ч ашигтай гэнэ. Цаашлаад Украины экспортыг нэмэгдүүлэх тал дээр түншүүдийн шинэ шийдвэрүүд гарна хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, өмнө нь ийм шийдвэрийг Их Британийн Засгийн газар гаргасан юм. Их Британи Украинаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвар, шимтгэлийг цуцалснаар Украины эдийн засагт дэмжлэг болно гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасна зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин