Лавров: ОХУ Украин дахь дайныг тавдугаар сарын есөн гэхэд дуусгах гэж хичээхгүй

Орос улс Украин дахь тусгай цэргийн ажиллагааг Ялалтын баяр тэмдэглэдэг тавдугаар сарын есний өдөр гэхэд дуусгах гэж хичээхгүй гэнэ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн "Медиасет" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
"Манай цэргүүд ямар нэг өдөр, тэр дундаа Ялалтын баярын өдөр гэхэд ажиллагаагаа дуусгах гэж яаравчлахгүй" хэмээн Лавров мэдэгдсэн байна.
Түүнчлэн энэ ярилцлагынхаа үеэр тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "неонацист батальонууддаа гэмт хэргийн шинжтэй тушаал өгөхөө зогсоож, энгийн иргэдийг суллаж, эсэргүүцэл үзүүлэхээ зогсоохыг үүрэгдвэл энэ нь энх тайван тогтоход тусална хэмээн онцолсон байна.
Энэ нь Зеленский бууж өгвөл энх тайван тогтох нөхцөл болно гэсэн утгатай эсэхийг сэтгүүлч асуухад тэрбээр "Бид түүнээс бууж өгөхийг шаардахгүй. Харин энгийн иргэдийг суллаж, эсэргүүцлээ зогсоох тушаал өгөхийг бид шаардана" хэмээн Лавров хариулжээ.
Түүнчлэн ОХУ Украин дахь дэглэмийг солих зорилгогүй, гагцхүү Украины дорнод хэсэг дэх хүн амын аюулгүй байдлыг хангах, Украины талаас ОХУ-д аюул занал учрахгүй байх нөхцөлийг л хангана гэж Лавров онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ