Пентагон: ОХУ-ын Ерөнхий штабын дарга Украинд очсон

Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, генерал Валерий Герасимов саяхан Украинд очсон гэнэ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгдсэнийг CNN дамжуулжээ.
"Тэрбээр өнгөрсөн долоо хоногоос хойш хэдэн өдрийн туршид Донбасст байсан. Харин одоо тэндээ байгаа эсэхийг бид мэдэхгүй" хэмээн Пентагоны төлөөлөгч өгүүлсэн байна.
Генерал Герасимов Украинд байх үеэрээ шархадсан гэх мэдээлэл гарч байлаа. Харин Пентагонд үүнийг батлах мэдээлэл байхгүй гэж төлөөлөгч онцолжээ.
Пентагон ийм тайлбар хийхээс өмнө Украины хэвлэлүүдээр Герасимовыг шархадсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Мөн Украины Дотоод хэргийн сайд асан Арсен Аваков Герасимовыг Украинд байхдаа баруун шилбээ шархадуулсан хэмээн Фейсбүүк хуудсандаа бичиж байв.Түүнчлэн Украины цэргийн сэтгүүлч, блогчин Александр Шульман ч Герасимовыг Харьков мужийн ойролцоо шархадсан хэмээн мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ