Оросын нисдэг тэрэг Финландын агаарын орон зайд нэвтэрчээ

Оросын нисдэг тэрэг тавдугаар сарын дөрөвний өдөр Финландын агаарын орон зайд зүүн зүгээс нэвтэрчээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын сайд мэдээлснийг "Евроньюс" агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ үйл явдал ОХУ-тай хиллэдэг Парикка, Кесялахти суурингуудын бүсэд орон нутгийн цагаар 10:40 цагт болжээ. Оросын Ми-17 нисдэг тэрэг нутгийн гүн рүү 4-4,5 км зайд нэвтрэн, агаарын орон зайг зөрчсөн гэж Финландын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Одоо хилийн алба энэ хэргийг шалгаж байгаа аж.
Энэ нь 2022 онд Оросын талаас агаарын хил зөрчсөн хоёр дахь тохиолдол гэнэ. Өмнө нь дөрөвдүгээр сарын наймны өдөр Порвоо орчимд ОХУ-ын төрийн өмчид хамаарах зорчигч тээврийн онгоц агаарын хил зөрчин нэвтэрсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ