"Тэг ковид" зарчмыг БНХАУ цаашид ч баримтална
2022-05-06

Коронавирусийн халдвар анх бүртгэгдэж байсан БНХАУ богино хугацаанд тахлыг даван туулсан талаараа мэдэгдэж байсан ч энэ оны хавраас халдвар дахин дэгдсэн юм. 

 

Хэдийгээр хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол илэрч байгаа ч Хятадад "тэг ковид" зарчим баримталж, халдвар илрэх бүрийд хязгаарлалтын арга хэмжээг чангатгасаар байгаа. Энэ зарчмыг цаашид ч баримтална гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ. 

 

Тодруулбал, БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурал дээр Хятадын нутаг дэвсгэр дэх коронавирусийн халдварын тархалтын өнөөгийн төвшин ихээхэн аюул занал учруулж байгааг онцолсон байна. Тиймээс цар тахлын хатуу хяналт тавих шаардлагатайг цохон тэмдэглэсэн гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "Тууштай байдал бол ялалт!" гэсэн уриан дор энэ хурал зохион байгуулагдсан байна. Хяналт сул, урьдчилан сэргийлэх ажил муу байвал коронавирус өргөн цар хүрээтэй тархаж, нас баралт олноор бүртгэгдэнэ хэмээн намын гишүүдэд анхааруулжээ. Тиймээс цаашдаа ноцтой хохиролоос зайлсхийхийн тулд "тэг ковид" зарчмыг үргэлжлүүлэн баримтална хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин