Австри Оросын хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзав

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсанаас хойш барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, хариуд нь ОХУ эдийн засгийн хориг тавихын зэрэгцээ "нөхөрсөг бус орнууд"-ын жагсаалт гаргаж байлаа. Энэ жагсаалтад багтсан улс орнуудыг Оросоос хий авахдаа рублиэр тооцоог нь хийх шаардлага тавьсан юм. Үүнийг олон орон эсэргүүцсэн бол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн орон ч байлаа. Харин саяхныг хүртэл албан байр суурь илэрхийлээгүй байсан Австри улс рублиэр тооцоо хийхгүй гэдгээ мэдэгджээ.
Тодруулбал, Австрийн Европ, Гадаад харилцааны сайд Алексендер Шалленберг Аль-Жазира телевизэд ярилцлага өгөхдөө Австри Оросын нийлүүлж буй хийн төлбөрийг рублиэр төлөхгүй хэмээн мэдэгдсэн байна: "Манай байр суурь тодорхой. Бид одоо хүчин төгөлдөр байгаа хэлэлцээрээ дагахын дээр рублиэр төлбөр хийхгүй. Бидэнд тийм төлөвлөгөө алга" хэмээн Алексендер Шалленберг мэдэгджээ.
Австри ийм байр суурин дээрээ хатуу зогсож, төлбөрөө рублиэр хийхгүй бол байгалийн хийгүй үлдэж болзошгүй юм. Учир нь өмнө нь Болгар, Польш улс хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсаны улмаас "Газпром" компани дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлээд энэ хоёр улс руу хий нийлүүлэхээ зогсоож байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ