Европт үл мэдэгдэх вирусийн халдвар дэгдэж байна
2022-05-09 08:28

Европт хүүхдүүдийн элэг гэмтээдэг үл мэдэгдэх вирус дэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Одоогоор дэлхийн 20 оронд 228 өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, вирусийн гаралтай халдвар нь нэг сартайгаас 16 насны хүүхдүүдэд хадддаг гэнэ. Халдвар авсны дараах эхний шинж тэмдгүүд нь гэдэс өвдөх, суулгах, дотор муухайрах зэргээр илэрдэг байна. Үүний зэрэгцээ бага зэрэг халуурах шинж тэмдэг ч ажиглагджээ.

 

Үүний дараа арьс, нүдний цагаан хэсэг шарлаж, булчин, үе мөчөөр өвдөх зэрэг гепатитийн шинж тэмдэг илэрдэг байна. Ингэснээр элэгний үйл ажиллагаа доголдож, зарим тохиолдолд элэг шилжүүлэн суулгахаас аргагүй байдалд орох хүртэл элэг өвчилдөг гэнэ. Халдвар авсан нь батлагдсан хүүхдүүдээс нэг нь нас барж, 10 хүүхэд тутмын нэг нь элэг солиулахаас аргагүй болсон гэж Евроньюс мэдээлжээ.

 

Зарим эрдэмтэд шинэ вирусийг коронавирустэй холбоотой байж болзошгүй хэмээн таамагласан байна. Америкийн эрдэмтдийн мэдээлснээр, өвчтөнүүдийн 75 хувьд нь аденовирус илэрсэн гэнэ. Энэ нь төрөл бүрийн эрхтэнүүдийг гэмтээх чадвартай ДНК вирус аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин