Улаанбаатарчуудын агаарлаж болох АРВАН цэцэрлэгт хүрээлэн
2022-05-09

Амралт болон чөлөөт цагаа хайртай дотны хүмүүстээ болон өөртөө зарцуулж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлмээр байна уу? Эсвэл агаарт гарч, тархиа амраан, ууланд алхмаар байвч хол явах боломжгүй байна уу? Тэгвэл эдгээр асуултын хариултыг өгөх дараах мэдээллийг бид бэлтгэлээ.

 

1.Үндэсний соёл амралтын хүрээлэн

 

 

Үндэсний Соёл Амралтын хүрээлэн нь бүх насны хүмүүст зориулсан чөлөөт цагаа зугаатай, аз жаргалтай өнгөрүүлэх анхны бүрэн хэмжээний цогцолбор. Одоогоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь аттракцион тоглоом, хөгжөөнт тоглоом, хоол үйлчилгээ, энтертаймент төв гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн инээд хөөр, аз жаргалаар бялхдаг газар бол яахын аргагүй бидний хэлж заншсанаар хүүхдийн парк юм. Хүүхдийн парк-д орсон хүн бүр хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суусан мэт инээмсэглэн алхах, хүүхдүүдтэйгээ зэрэгцэн тоглон гүйлдэнэ. Түр ч гэсэн ажил амьдралаасаа хөндийрч, үргэлжлүүлэн эрч хүчтэй амьдрах сэргээш авахыг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнг зориорой.

 

2. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

 

 

‘’Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” газар нутгийн хэмжээгээрээ Азидаа VI байранд ордог байна. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголд цорын ганц байдаг цогцолбор цэцэрлэгт хүрээлэн юм. Дулааны улиралд өдөрт дунджаар 12-15 мянган хүн, хүйтний улиралд 6-9 мянган хүн, жилд дунджаар 1-1,5 сая иргэд зочилдог цэцэрлэгт хүрээлэнд зочилдог аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь явган алхагч болон, дугуйн зам бүхий нийт 27 км замтай тул та өөрт тохируулан хэдэн ч км алхаж болон гүйх эсвэл дугуй түрээсэлдэг газраас дугуй түрээслэн аялах боломжтой.

 

3.Богд хааны музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэн

 

 

Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га газарт Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нь хотоос гаралгүй хамгийн ойр, тав тухтай агаарлаж, алхалт хийж болох газар юм. Богд хааны 4.3 метр өндөр хөшөө бүхий энэхүү хүрээлэнг Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламжаар цогцлоосон байна.

 

4. ‘’Цагаан толгой’’ цэцэрлэгт хүрээлэн

 

Тус цэцэрлэгт хүрээлэн нь Сонгинохарйхан дүүргийн 33-р хороонд байрладаг. Спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучууддаа зориулан сагсан бөмбөг, гар бөмбөм болон хөл бөмбөгийн талбайг цогцоор нь шийдсэн. Мөн явган хүний 8000 ам метр зам, 750 метр дугуйн болон гүйлтийн зам бүхий цогцолбор бүтээн байгуулж 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22 000 ам метр талбайг зүлэгжүүлжээ.

 

5.Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн

 

 

Чингэлтэй хайрханы энгэрт байрлах тус цогцолбор нь 2019 онд нээлтээ хийж байжээ. Нээлтээ хийсэн даруйдаа хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хамгийн дуртай газар нь болжээ. Мөн энэхүү цогцолборт хүрэх засмал замтай тул замдаа түүртэлгүй хүрэх бүрэн боломжтой. 2019 оны наймдугаар сард энэ цогцолборын нэг хэсэг 1000 хүний суудалтай  Эрдмийн задгай театрыг нээж байжээ.

 

6. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн

 

 

Төв талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэг нь анх 1940 онд байгуулагдаж байжээ. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг. Тохижилтын хүрээнд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай. Мөн тус цэцэрлэгт хүрээлэн нь ойролцоох ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тайвшрал авдаг цэг гэж нэрлэгддэг их л ид шидтэй цэцэрлэг юм гэнэ ээ.

 

 

  7. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн

 

Хан-Уул Эко дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн нь  Туул голын эрэг дагуу 110,000 м2 талбайд оршдог. Байгаль орчин танин мэдэхүйн тус цэцэрлэгт хүрээлэн Монгол Улсад ховордсон мод, бут, сөөг, ургамлын төрөл зүйлийг дахин сэргээх зорилгоор байгуулагдсан бөгөөд бүтээн байгуулалтын явцдаа нэг ч мод, бутыг тайралгүй байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог аж

 

8. АШУҮИС-ийн дэргэдэх бичил цэцэрлэгт хүрээлэн

 

 

Машины зогсоол бүхий эвдэрч, хуучирсан талбай байсан нь 2021 онд бичил цэцэрлэгт хүрээлэн болжээ. Энэ цэцэрлэгт хүрээлэн нь нарс, гацуур, гоёлын бут, сөөг, хайлаас гэх нэр төрлийн модоор 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна. Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтад ойр орчимд зорчих хэн бүхэнд нээлттэй нийтийн эзэмшил бүхий талбай юм.

 

9. Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

 

 

Хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон уг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн нь 2021 онд нээлтээ хийж байжээ. Нийт 40 га талбайд 100 гаруй нэр төрлийн ургамалтай хүрээлэнд зочилсноор хотоос хол явах шаардлагагүй, цэнгэг агаараар амьсгалан тархиа амраах сайхан боломж болох юм.

 

10. Булагтайн цэцэрлэгт хүрээлэн

 

 

Булагтайн цэцэрлэгт хүрээлэн нь Чингэлтэй дүүргийн 17-р хороонд байрладаг. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгжүүлэлт бүхий уг бичил цэцэрлэгт хүрээлэн нь нийт 1.7 га газрыг хамрах ажээ. Тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулсан байна. Мөн чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, дасгал хийх орчинг бүрдүүлж өгсөн нь зорьж очдог иргэдийн сайшаалыг хүртэж байжээ.

 

Б.Намуунзаяа

Shuud.mn
Сонин хачин
Bater:
Гарчиглав дотор нь юу байна гэж уншсангүй!! Энэ хүн хаанахаар бичээд байна !! Би агаарлаад явах хэрэг үү?
2022-05-19
Засгийн газрын ордны арын цэцэрлэгийг нээгээчээ!
2022-05-16
asd:
Hurhii doo Tsetserlegt hureelen gechijee Zarim hugjiltei ulsiin bairnii hoid tallin talbai shig yumnuudiig
2022-05-11
зочин:
Хэдэн өдрийн өмнө талбай дээр хиймэл зүлэг дэвсэхэд орк монголчууд дээр хэвтээд хогоо хаяад яваад өгсөн байсан.
2022-05-09