Тавдугаар сарын есний өдөр ОХУ даяар Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Эх орны дайнд амь үрэгдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэдэг энэ өдрөөр өнөөгийн дайныг эсэргүүцсэн арга хэмжээ ч болж, үүнийг дагасан баривчилгаа ч гарчээ. Энэ талаар Оросын болон барууны хэвлэлүүд агентлаг мэдээлсэн байна.
"Весна" хөдөлгөөний мэдээлснээр, Эрхүү, Улаан-Үд, Южно-Сахалинск, Челябинск, Тюмень, Смоленскийн оршин суугчид "Мөхөшгүй хороо" жагсаалд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө зураг, "Тэд үүний төлөө тулалдаагүй", "Үр ач нар аа, би та нарын өмнөөс ичиж байна" гэсэн бичиг барин алхсан байна.
Оросууд байгуулсан, Латвид төв офистой чөлөөт хэвлэл болох "Медуза" хэвлэлийн мэдээлснээр, Санкт-Петербург хотноо "Мөхөшгүй хороо" жагсаал эхлэх үеэр л өнөөгийн дайн эсэргүүцсэн хүмүүсийг саатуулж эхэлжээ. Тодруулбал, "Дахин давтагдахгүйн тулд дайтаж байсан" гэсэн бичиг барьсан хоёр бүсгүйг цагдаагийн хэлтэст хүргэсэн байна. Тэднийг ийнхүү саатуулсан шалтгаанаа тайлбарлаагүй гэнэ.
Түүнчлэн Санкт-Петербург хотод эсэргүүцлийн жагсаалд тогтмол оролцдог, 76 настай зураач Елена Осипова руу халдсан хэрэг гарсан талаар "Ротонда" телеграмм суваг мэдээлсэн байна. Энэ зураачийн талаар баримтат киноны зураг авч байсан зураглаач Никита Адишевийн өгүүлснээр, Осипова гэрээсээ гарч ирэх үед үл таних хоёр хүн түүн рүү гүйж очиж, гарт нь байсан, дайн эсэргүүцсэн хуудсуудыг булаагаад зугтаажээ. Зураач эмэгтэй "Мөхөшгүй хороо" жагсаал явах үеэр Невскийн өргөн чөлөө орчимд ганцаарчилсан эсэргүүцлийн акц зохион байгуулахаар зэхэж байсан ч ийнхүү үл мэдэгдэх этгээдүүд зурагт хуудсыг нь булаасан байна.
Мөн орон нутгийн депутат Сергей Самусев тавдугаар сарын есний өдөр саатуулагджээ. Коммерсант сонины мэдээлснээр, тэрбээр "Мөхөшгүй хороо" жагсаалд ирэхдээ 96 насандаа амиа алдсан Борис Романченкогийн хөргийг барин ирсэн байна.
Борис Романченко 1942 онд Бухенвальд лагерьт хоригдож, үүний дараа дахин гурван бөөнөөр хорих лагерьт хоригдож байгаад дайн дуусгаж, энх цагтай золгосон ч Оросын арми Украин руу халдах үеэр түүний байшин Оросын пуужинд оногдон, Романченко амиа алджээ. Ийм түүхтэй Борис Романченкогийн зургийг барин "Мөхөшгүй хороо" жагсаалд оролцохоор ирсэн депутат Сергей Самусевийг саатуулсан шалтгаанаа цагдаагийнхан мөн л тайлбарлаагүй байна.
Москвад болсон хэргүүд
Оросын нийслэл Москва хотод идэвхтэн Никита Родичевийг саатуулсан байна. Тэрбээр "Russia, arrest me. I don't give a f***!!!" буюу "ОХУ, намайг баривчил, *** надад хамаа алга" гэсэн бичиг бүхий плакат барин ганцаарчилсан эсэргүүцлийн акц зохион байгуулан зогсож байжээ. Түүнийг мөн л цагдаагийнхан саатуулж, цагдаагийн хэсэгт хүргэсэн байна.
Түүнчлэн дайн эсэргүүцсэн хүмүүст чихэр тарааж байсан Артем Потапов гэх иргэнийг баривчилсан гэж "ОВД-Инфо" мэдээлжээ.
Тэрбээр Пушкиний талбай дээр Рафаэло чихэр барин, "Дайн эсэргүүцсэн хүн бүр чихэр идээрэй" гэсэн бичиг тавин сууж байжээ. Потаповоос ярилцлага авч байсан сэтгүүлч Егор Шатовыг ч мөн цагдаагийнхан саатуулсан гэж Sota хэвлэл мэдээлсэн байна.
Новосибирск
Новосибирск хотод мөн л "Мөхөшгүй хороо" жагсаалын үеэр дайн эсэргүүцсэн иргэнийг баривчилсан хэрэг гарчээ. "Овд-Инфо" -ийн мэдээлснээр нутгийн оршин суугч Владимир Салтевскийг цагдаагийнхан саатуулсан байна.
Тэрбээр "Мөхөшгүй хороо" жагсаалд ирэхдээ "Үр ач нар аа, та нарын өмнөөс ичиж байна. Бид энх тайвны төлөө тулалдсан, та нар дайныг сонголоо", "Тэр үеийн фашизмыг ялсан, одооны энэ фашизмыг ч ялна" гэсэн бичиг барьжээ. Түүнийг Z үсэг барин жагсаж байсан хүмүүс жагсаалаас хөөн гаргаж, улмаар цагдаагийнхан саатуулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |