О.Батбаяр: Манай улс халдварын намрын давлагаанд бэлдэж байна
2022-05-11

 

 

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Омикроны BA.2 дэд хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

 

Манай Улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын хэдэн хувь нь омикроны BA.2 дэд хувилбар  байна вэ? Анхны тохиолдол нь хэзээ бүртгэгдсэн бэ?

 

-Манай улсад 2022 он гарсаар Омикроны эхний хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Улмаар омикроны давлагаа нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр болсон. Үүнтэй зэрэгцэн Европ, дэлхийн бүс нутагт BA.2 хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Тус хувилбар нь BA.1 хувилбартай харьцуулахад халдварлах чадвар өндөр.

 

ХӨСҮТ коронавирус халдварын хувилбарын тандалтыг тасралтгүй хийж байгаа. Тодруулбал, улсын хилээр нэвтэрч байгаа болон орон нутгийн сорьцнуудад хувилбар тогтоох шинжилгээг түүврийн аргаар хийж байгаа. Тус тандалтын дүнгээс харвал манай улсад нэг, хоёрдугаар сард BA.1 хувилбар давамгайлж байсан бол дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн BA.2 хувилбарын эзлэх хувь 80-90 хувь болсон. Өөрөөр хэлбэл, манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудад BA.2 хувилбар давамгайлж байна.

 

Ер нь дэлхийн улс орнуудад омикроны BA.2 хувилбар давамгайлж, илүүтэй бүртгэгдэж байгаа. Сүүлийн нэг сарын хугацаанд дэлхий дахинд нийт 230 мянган хувилбар тогтоох шинжилгээ хийгдсэн байна. Үүнээс 99 хувь нь коронавирусийн Омикрон хувилбар байна. Мөн ӨАБНУ-д BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, тохиолдлын тоо нь гурав дахин нэмэгдсэн байна. Энэ нь ӨАБНУ-ын коронавирус халдварын тав дахь давлагаа юм. Дэлхийн дахинд ч гэсэн коронавирусийн тав дахь давлагаа эхэлж байна гэж үзэж байгаа. BA.4, BA.5 хувилбар нь өмнөх хувилбаруудаас халдварлах чадвар нь даруй нэмэгдсэн. Өмнө нь BA.1 болон BA.2 хувилбараар өвдсөн хүмүүс дахин халдварт өртөж байна гэж ДЭМБ-аас мэдээлсэн. 

 

Дэлхийд долоо хоногт 4-5 сая хүн коронавирусийн халдвараар өвчилж байна. Коронавирусийн халдвар тасралтгүй мутацид орж байна. Эрдэмтэд ирэх найм, есдүгээр сараас томоохон давлагаа үүснэ гэсэн тооцоололтой байгаа.

 

Омикроны BA.2 дэд хувилбарт эмнэлзүйн ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

 

-BA.2 хувилбар өмнөх хувилбаруудтай ижил шинж тэмдэгтэй. Тухайлбал, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрнэ.

 

Манай улсад халдварын тохиолдол буурсан ч, "0" болоогүй. Энэ зуны тухайд нөхцөл байдал ямар байх бол? 

 

-Дэлхий нийтээр цар тахлын пандемик хэлбэрээс индемик хэлбэрт шилжсэн. Пандемик хэлбэрийн үед бүс нутагт тохиолдлын тоо, нас баралт өндөр байдаг. Индемик хэлбэрийн үед бүс нутагт халдварын тохиолдлын тоо, нас баралт бага байна. Манай улс индемик хэлбэрт байгаа. Өөрөөр хэлбэл, халдвар бүртгэгдсээр байна. Гэхдээ тооны хувьд цөөн.

 

Манай улс цар тахалд дасан зохицох, хөл хорио тогтоохгүй байх, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах бодлого баримталсан. Дархлаажуулалтын хамрагдалт өндөр байгаа нь манай улсын давуу тал. Гэхдээ вирус тасралтгүй мутацид орсоор байна. Вакцины хамгаалах чадвар тодорхой хугацааны дараа суларна. Тиймээс дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй.

 

Манай улсын хувьд 6,7,8 дугаар саруудад вакцины нэмэлт тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэх шаардлага үүсэж байна. Намрын давлагаанд бэлдэж байна.

 

Манай улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтын IV тунд иргэдийг хамруулж байна. Цаашид дархлаажуулалтын V тун гэж хийх үү эсвэл Омикрон хувилбарт зориулсан вакцин татан авах ажил хийгдэх үү?

 

-Омикрон хувилбарт зориулсан вакцин туршилтын шатандаа явж байна. Тиймээс зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунд хамруулах ажилд анхаарч ажиллана.

 

Улс орнууд амны хаалт зүүх журмыг цуцалж байна. Манай улс амны хаалт зүүх журмыг цуцлах боломжтой юу?

 

-Засгийн газрын тогтоолоор амны хаалт заавал зүүх журам зохицуулагдаж байгаа. Цаашид нөхцөл байдлаа харж байж шийдвэр гаргах байх. Одоохондоо амны хаалтаа зүүх хэрэгтэй.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
вакцин шахуулсаар байгаад үхэх юм бна л даа
2022-05-11