Украин Оросын хийг Европ руу дамжуулахаа зогсоожээ
2022-05-11

Украины хий дамжуулах системийн оператор компани эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр байх Луганск мужийн станцуудаар дамжуулан хий дамжуулах ажлыг тавдугаар сарын 7-11-ний өдрүүдэд зогсоосон талаар мэдэгджээ.

 

Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тул "Сохрановка" болон "Новопсков" станцуудаар цаашид хий дамжуулах боломжгүй болсон гэж оператор компани мэдэгдсэн байна. Эзлэгдсэн нутаг дэвсгэр дээрх хөрөнгүүддээ хяналт тавих боломжгүй болсон тул эдгээр станцаар дамжуулан хий авахгүй хэмээн онцолжээ.

 

Оросоос Европ руу нийлүүлэх хийн гуравны нэг орчим буюу хоногт 32,6 сая шоо метр хий Луганск мужаар дамждаг аж. Харин энэ мужаар хий дамжуулахаа зогсоосон оператор компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Украин хяналтдаа байлгаж буй нутаг дэвсгэрт байх "Сужа" станцаар дамжуулан хий дамжуулахыг Оросын талд санал болгосон гэнэ.

 

Харин Газпром компани Украины Нафтогаз компанид "давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэх баталгаа огт байхгүй, өмнөх горимоор ажиллахад ямар ч саадгүй"  хэмээн мэдэгдээд "Сужа" станц руу хий шилжүүлэх нь техникийн хувьд боломжгүй хэмээн мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин