Д.Ганбат: Банкууд 30 жил хангалттай луйвардлаа, одоо болсон
2022-05-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас Байгаль орчны тухай багц хуулийн төслийг татан авч буйг танилцууллаа.

 

 

Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа хийлээ. Гэвч тогтоолын төслийн талаар гишүүдийн асуултад хариулах ёстой Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нар хуралдаанд ирээгүйгээс хойшлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргалаа. Түүний горимын санал гишүүдийн олонхын санал аваагүй ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

 

Ингээд дараагийн асуудал буюу Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Банкны реформ хийх хуулийн төслийг олон жил дарж, хэлэлцэхгүй байсан. Хэл ам болж, арай гэж баталсан хуулийг хойшлуулах саналыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ. Бид үүнийг заавал хийх ёстой.

 

2021 оны эцсийн байдлаар банкуудын өөрийн хөрөнгө хангалттай байгаа 15 хувь, хөрвөх чадвар нь 41 хувь, таван том банк 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн. Эдийн засаг хүнд байгаа үед ийм ашигтай ажилласан. IPO хийх процессыг зогсоож, хойшлуулж болохгүй.

 

 

Банкны холбооноос санал авсан уу. Банкууд өнөө маргаашгүй IPO гаргахад бэлэн байгаа. Гэтэл яагаад бүтэн жилээр хойшлуулж байгаа юм бэ. Миний хардаж байгаагаар бэлтгэл нь ханаагүй, нээлттэй ХК болох сонирхолгүй банкны лобби орсон байна. Банкны реформыг амин сүнс алдагдах гээд байна. Анх баталсан хуулиараа явах ёстой.

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Хойшлуулаагүй, зөвхөн хугацааг нь сунгаж байгаа юм. Банкуудыг олон нийтэд нээлттэй, хувьцаат компанид шилжүүлэх процесс 06 дугаар сарын 30-нд дуусна. Ийм богино хугацаанд таван том банк хувьцаагаа зэрэг олон нийтэд санал болгох нь хувьцааны үнэ ханшид нөлөөлнө. Тиймээс хугацааг ирэх оны 06 дугаар сарын 30 болгож, нэг жилээр сунгаж байна. Бэлэн болсон банк одоо IPO гаргаж болно.

 

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Яагаад бүтэн нэг жил гэж, 3 сараар сунгахгүй байгаагийн шалтгаан юу вэ? Жилийн дотор юу өөрчлөгдөх вэ?

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкны зүгээс тодорхой хугацаагаар сунгах хүсэлт тавьсан. Хагас жил, бүтэн жил байх тодорхой хугацаанд байр суурь илэрхийлээгүй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед нэг жилээр сунгах нь зөв гэж шийдвэрлэсэн.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: УИХ тодорхой хугацаатай шийдвэр гаргасан. Одоо буцаан өөрчлөх нь УИХ, Засгийн газар, эрх баригчид барьцаалагдсан байна гэсэн үг. Ард иргэдэд хэрэгтэй ганц гайгүй хууль гарах нь гэж талархан дэмжсэн. IPO гаргахад бэлэн болсон болон бэлэн болоогүй банкуудын нэрийг тодорхой хэлээч.

 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: IPO гаргахаар СЗХ-ноос зөвшөөрөл хүссэн хоёр банк байна. Системийн нөлөө бүхий таван банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжих үүрэг хүлээсэн. Үүрэг хүлээсэн хугацаа нь 06 дугаар сарын 30-наар хязгаарлагдсан. Хэлбэрээ өөрчлөгдөхөд нь 1.5 сарын хугацаа үлдсэн нь богино байна. Мөн активийн чанарын үнэлгээг зайлшгүй хийх шаардлагатайг олон улсын байгууллага, шинжээчид хэлж байгаа. Монголбанкнаас   активийн чанарын үнэлгээ хийлгэхээр үнэлгээний дөрвөн том байгууллагад саналаа өгч, нэг л компаниас зөвшөөрсөн санал ирсэн, гэрээ хийж байна.  

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хууль хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг. Эдийн засгийн байнгын хороо хариуцлагагүй шийдвэр гаргаж байна. Эдийн засгийг бараг алаад байна. УИХ тарах ч нөхцөл байдал үүсэж магадгүй. Банкууд ашигтай ажиллаж байна, яагаад олон нийтийн хяналт оруулах дургүй байгаа юм бэ. Яагаад ашгаа хуваалцаж болдоггүй юм бэ?  

 

 

Төрийн банк гээд хачин юм гарна. Банкны эзэд маш их хувьцааг өөр дээрээ төвлөрүүлсэн байгаа. Орохгүй бизнес, худалдаж авахгүй юм гэж алга. Энэ хуулийн хойшлуулсаны үр дагавар маш хүнд тусна. Иргэд энэ зах зээлд хөрөнгө оруулахыг хүсэж байна. Яагаад үүнийг хаагаад байгаа юм бэ. Та нараас бусад нь хуулийг хэрэгжүүлэхээр бэлдсэн байна. Банкууд 30 жил хангалттай луйвардлаа, одоо болсон.

 

Ийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Санал хураалтаар гишүүдийн олонх нь тус хуулийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Горимын санал гаргаж, дахин санал хураалтаар гишүүдийн 55.1 хувь нь дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Shuud.mn
Сонин хачин
tugsuu:
suuliin jiluuded 2 namaas tomilogdson banknii erunhiilegchid ene baiguullagiig dampuuruulj bgaa ym ,erh ymbaa ashiglag huuramch mungu hevlen zah zeel ,valiutiin hanshiig ulam samarch uursduu ui tumeer n ashig olj ymarch hariutslaga huleehgui tansaglaj yvaag taslan zogsooh heregtei! odoo naad nuhur chini tiim l zamruu sanaarhaj bn!
2022-05-12
нарангэрэл:
банкыг ил тод болгох хэрэгтэй ашигтай ажилласан гээд зүйл тодорхой ш дээ ард иргэд хадгаламжыг бизнес болгон ашиглахаар ашигтай байж таарна биздээ дээр бас мөнгө угаана гээд зөндөө зүйл байгаа яагаад ил тод байдлыг хэрэгжүүлэхгүй байгаа юм новшнууд аа
2022-05-12