АНУ Оросын талаарх тагнуулын зарим мэдээг Украинд өгөхгүй

ОХУ Украины нутаг дэвсгэр рүү халдаж, байлдааны ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор АНУ Украины талтай тагнуулын мэдээлэл солилцох тусгай шийдвэр гаргасан талаар Вашингтон пост сонин мэдээлжээ.
Вашингтон постын мэдээлснээр, Оростой харилцах харилцаанд хурцадмал байдал нэмэгдэхээс зайлсхийх үүднээс АНУ ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэрийн дагуу, Украины тал өөрийн нутаг дэвсгэрээс гадна байгаа Оросын объектуудад цохилт өгөхөд туслах аливаа тагнуулын мэдээллийг Украинд шилжүүлэхийг хориглосон байна.
Одоо Украин, АНУ хоорондоо Оросын цэргүүдийн байршил, шилжилт хөдөлгөөний тагнуулын мэдээлэл, хиймэл дагуулын зураг, АНУ дахь Америкийн нууц эх сурвалжуудаас цуглуулсан тайлангуудыг солилцдог юм.
Харин дээрх шийдвэрийн дагуу Украины талд өгөхийг хориглосон мэдээлэлд өндөр албан тушаалтнуудын байршлын талаарх мэдээлэл багтаж байна.
Тодруулбал, ОХУ-ын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу зэрэг Оросын өндөр албан тушаалын цэргийн удирдлагуудыг устгахад Украинд туслахуйц дэлгэрэнгүй мэдээллийг АНУ өгөхийг хоригложээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ