COVID-19: Хойд Солонгост 18 мянган хүн халдвар авч, зургаан хүн нас баржээ

Цар тахал эхэлснээс хойш нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдэгдэж, тэр бүү хэл КОВАКС хөтөлбөрөөр оногдох вакцин авахаас татгалзаж байсан БНАСАУ халдварын тохиолдлын талаар анх 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр л албан ёсоор мэдэгдэж байлаа. Үүнээс өмнө , олон улсын байгууллагууд Хойд Солонгост халдвар огт бүртгэгдээгүй гэдэгт эргэлзэж байсан юм. Энэ эргэлзээ ч батлагдаж, Хойд Солонгост халдвар цөөн тоогоор бүртгэгдэх биш харин ч ихээхэн газар авсныг илтгэх мэдээлэл цацагджээ.
Тодруулбал, өчигдөрхөн л "анхны тохиолдлууд" илэрсэн хэмээн мэдээлж байсан Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг тавдугаар сарын 12-ны үдэш дахин мэдээлэл дамжуулахдаа коронавирусийн улмаас зургаан хүн нас барсан, халдварын тохиолдол 18 мянгыг давсан хэмээжээ. Тавдугаар сарын наймны өдөр авсан шинжилгээгээр "омикрон халдвар илэрсэн" гэж пүрэв гарагт мэдээлсэн нь энэ улс анх удаа халдварын тохиолдлын талаар мэдээлсэн явдал болсон бөгөөд үүний дараа Хойд Солонгост "дээд зэргийн онц байдлын" дэглэм тогтоож, хөл хорио тавьсан байна.
Ийнхүү халдвар "анх удаа" илэрсэнтэй холбоотойгоор БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг шуурхай зарлан хуралдуулж, энэ хурал дээр үг хэлэхдээ вирусийн тархалтыг зогсоохыг тушааж, "гэнэт үүссэн хямралыг" улс орон нь даван гарна хэмээн мэдэгджээ.
"Бүх хот, сууринг хаа, хортой вирус тархах замыг найдвартайгаар хаа. Бид гэнэт үүссэн хямралыг даван, ялах нь гарцаагүй" хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн талаар Ёнхап агентлаг дамжуулж байв. Үүний зэрэгцээ улсын хил дээрх хяналтыг чангатгахыг тушаасан байна.
Энэ хурлын дараа Ким Жон Ун онц байдалтай тэмцэх үндэсний төвд очин, вирустэй тэмцэх ажлыг шалгасан гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлснийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг дамжуулжээ.
Ёнхап агентлагийн дамжуулснаар, дөрөвдүгээр сарын сүүлээр БНАСАУ-д үл мэдэгдэх, халуурах шинж тэмдэгтэй өвчин тархаж, 350 мянга гаруй хүн өвдөж, үүнээс 162 мянга нь эмчлэгдсэн гэж Хойд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын NK News сайтын мэдээлснээр, ковид дэгдсэнийг Хойд Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрч, хатуу хязгаарлалт тавих үеэр олон нийт ихээхэн цочирдон, хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж ихээхэн урт дараалал үүсгэсэн гэнэ. Энэ улсын нийслэл Пхеньяны дүүргүүдийг бүрэн хаагаад хэдийнэ хоёр хоног өнгөрчээ.
Энд дуулгахад, Хятадын Ухань хотод анх коронавирусийн халдвар дэгдэж, улмаар бусад оронд бүртгэгдэж эхэлсэн үеэр буюу 2020 оны эхээр БНАСАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд улсын хилээ бүрэн хааж, байлаа. Тэр үеэс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж эрх баригчид нь мэдэгдэж байсан юм. Харин олон улсын шинжээчид үүнд эргэлзэж, Хойд Солонгост вирус өргөн цар хүрээтэй дэгдвэл энэ улсын эрүүл мэндийн систем даван гарч чадахгүй гэж болгоомжилж байв. .
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ