21 насандаа 21 аймгийг тойрсон аялагч бүсгүй
2022-05-13

 

Баасан гарагийн мэнд. Зуны сар хэдийнээ гарчээ. Эдгээр өдрүүдэд иргэд энэ зуны аяллын төлөвлөгөөгөө боловсруулж буй биз. Тэгвэл “Аялагч Зу Зу” нэрээр бидний эчнээ танил болсон 21 насандаа 21 аймгийг тойрон аялсан аялагч Лхагвасүрэнгийн Мөнхзултай цөөн хором ярилцлаа.

 

Тэрбээр, МҮИС-ийн аялал жуулчлалын салбарын хоёрдугаар дамжаанд суралцдаг бөгөөд “Resort Mongolia Tour” компанид дотоодын аяллын менежерээр ажилладаг байна.

 

Сайн байна уу? Та саяхан дөрвөн аймгийн нутгаар алхаад ирсэн. Сүүлийн алхалтын сонин сайхнаар ярилцлагаа эхлүүлэх үү?

 

-Сайн байцгаана уу, “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд Монголын явган алхалтын холбоотой хамтран спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан баг тамирчид Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай гэсэн дөрвөн аймгийн нутгаар 400 км алхаад ирлээ. Алхалтын баг маань найман хүний бүрэлдэхүүнтэй байсан. Энэ удаагийн алхалт дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотын “Айдасын даваа” гэдэг газраас эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган суманд зогсоосон.

 

Та ер нь хэзээнээс аялж эхэлсэн бэ?

 

-Албан ёсны аялал маань 2020 онд эхэлсэн. Тодруулбал, 21 насандаа  зуны гурван сарын хугацаанд  21 аймгаа тойрон аялсан.

 

Зуны гурван сарын хугацаанд 21 аймгийг тойрон аялах төлөвлөгөөгөө хэзээ гаргав?

 

-Анх 12 настай байхдаа “30 нас” хүрэхээсээ өмнө биелүүлэх мөрөөдлөө бичиж тэмдэглэсэн. Мөрөөдлийн маань хамгийн эхэнд эх орноо тойрч, 21 аймгаараа аялах байсан. Аялах сонирхол маань мөрөөдөл, зорилго болсон. Дараа нь ажил амьдрал маань болоод явж байна. Би зөвхөн алхалт, аялал гэлтгүй ууланд авирах сонирхолтой.

 

 

Аялал, алхалт хийх үед маш олон зүйлийг сурч мэддэг шүү дээ. Та хамгийн сургамжтай аяллаа нэрлэ гэвэл?

 

-Тиймээ.Аялж байхдаа алхам бүрээсээ үнэ цэнийг олж, алдаанаасаа суралцдаг.

 

Тухайлбал, өөрийн авирч үзээгүй Баянхонгор аймгийн Ихбогд хайрхан уул руу хүмүүс авч явж байсан. Ихбогд хайрханд 33 цагийн хугацаанд  хоол хүнсгүй, усгүй, мөс хайлуулж идээд алхсан. Тэр авиралт маш хэцүү байсан. Түүнээс хариуцлагатай байх гээд л маш олон зүйлийг сурсан. Маш сургамжтай байсан.   

 

Их сургуульд суралцахын хажуугаар ажиллах нь хүндрэлтэй байдаг уу?

 

-Сургуулийн багш нар маань маш сайн ойлгож, дэмждэг. Би өмнө хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны сургуульд суралцдаг байсан. Гэхдээ аялал намайг маш их татсан учраас мэргэжлээ сольж, аяллын чиглэлээр суралцаж, ажиллаж, амьдарч байна.

 

 

Таны хувьд аялалын хамгийн сайхан юу вэ?

 

-Аялал хүнд маш их энерги өгдөг,   шинэ орчин, шинэ танил, шинэ хүсэл мөрөөдөлтэй болдог. Аяллын хугацаанд амьдралаас авч болох бүх л мэдрэмжийг авдаг. Тиймээс ч аялалд маш их дуртай.

 

Мөнгөтэй, завтай хүн аялдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ бол ташаа ойлголт. Аяллын талаар хүмүүстэй ярилцахад “Би аялах дуртай. Гэхдээ цаг зав, санхүүгийн боломж муу байна” гэж хэлдэг. Кофе, амттандаа зориулж буй мөнгөөрөө нэг өдрийн маш гоё аялалд явах боломжтой. Аяллын талаар маш сайн судлах хэрэгтэй. Аялагчдаас асууж, мэдээлэл цуглуулах шаардлагатай. Аялагчид мэдээллээ хуваалцахад үргэлж таатай байдаг.

 

Та энэ зун хаагуур аялах төлөвлөгөөтэй байна вэ?

 

-Энэ жил багтайгаа 21 аймгаараа тойрон аялна. Мөн 400 километрийн хоёр удаагийн алхалт, өндрийн уулын авиралт хийнэ. Дэлхийгээр аялах хүсэлтэй. Дэлхийн тойрон аяллынхаа эхлэлийн аяллыг энэ жил хийнэ.

 

 

Аялалд авч явахад хамгийн хэрэгтэй гурван зүйлийг нэрлээч гэвэл?

 

-Ямар ч аялалд, хэд хоногийн хугацаатай явж байгаагаас бүх зүйл хамаарна. Зорилго, газраасаа шалтгаалаад тухайн аялалд бэлтгэж авч явах зүйлс өөр өөр байна. Тухайлбал,

 

Цүнх. Аялагч хүний хамгийн хэрэгтэй зүйл бол цүнх. Тухайн цүнхийг үүрч удаан хугацаагаар явахад маш эвтэйхэн, багтаамж сайтай байх ёстой.

 

Гутал. Хол ойр зайнаас үл хамааран хөлд маш эвтэйхэн гутал  өмсөх хэрэгтэй.

 

Эмнэлгийн тусламжийн хайрцаг. Өөрт чинь хамгийн хэрэгтэй, шаардлагатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламжийн багаж хэрэгсэл байх ёстой.

 

Хувцасны тухайд аяллаасаа шалтгаалаад өөрт тохирох хувцсыг авч явах хэрэгтэй.

 

Бидний ярилцлагын цаг дуусч байна. Ярилцсанд баярлалаа.

 

-Намайг урьсан та бүхэндээ баярлалаа. Эцэст нь ярилцлагыг маань уншиж байгаа хүмүүсийг аль болох олон газраар аялаарай гэж хэлмээр байна. Байгальд алхаж, аялж, амрах нь таны эрүүл мэндэд маш тустай. Мөн байгальд ээлтэй аялахыг уриалмаар байна.

 

Г.Мичидмаа

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-24
Өдөрт 40 км алхдаг гэсэн. Гэтэл нэг цэрэг хүүхэн 20 км гүйгээд одон аваад байл уу
2022-05-13
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda
2022-05-13