Финланд улс ирэх долоо хоногт НАТО-д элсэх хүсэлтээ өгнө
2022-05-13

ОХУ хөрш Украин руу цэргийн түрэмгийлэл үйлдсэнтэй холбоотойгоор Финланд, Швед улс аюулгүй байдлаа бодолцон НАТО-д элсэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

 

Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто Японы NHK телевизэд ярилцлага өгөхдөө Финланд улс ирэх долоо хоногийн дундуур НАТО-д элсэх хүсэлтээ гаргах байх хэмээжээ. 

 

"Бид хүсэлт гаргах ёстой гэсэн дүгнэлтийг парламент гаргавал ирэх долоо хоногийн дундуур бид үүнийг хийнэ. Швед ч мөн ирэх долоо хоногт хүсэлтээ гаргах байх" хэмээн Хаависто өгүүлсэн байна. 

 

Финланд улс НАТО-д элсэхийг дэмжиж байгааг тус улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд дэмжиж байгаагаа пүрэв гарагт илэрхийлж байлаа.

 

Энд дуулгахад, Финланд улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш төвийг сахисан бодлого баримталж байсан ч ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш энэ байр суурь нь эрс өөрчлөгдсөн юм. Финландын олон нийтийн дунд  хоёрдугаар сарын 24 буюу ОХУ Украин руу халдахаас өмнө судалгаа хийхэд иргэдийн дөрөвний нэг нь л НАТО-д элсэхийг дэмжиж байсан бол дайн дэгдсэний дараа хийсэн судалгаагаар иргэдийн 76 хувь нь НАТО-д элсэхийг дэмжиж, 12 хувь нь л эсэргүүцсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин