Б.Энхбаяр: Толгойг чинь цусдах журмаа хүчингүй болгох хэрэгтэй шүү, Л.Бямбасүрэн дарга аа
2022-05-13

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралын Ерөнхий сайдад тавьсан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаарх асуулгын хариуг сонсож байна. Асуулгын хариуг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

 

 

2019 онд татан буугдсан Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын 136.1 тэрбум төгрөг нийтдээ 240.3 тэрбум төгрөг байршиж байв.

 

Капитал банкны эрх хүлээн авагчаас НДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн аваад байна. Нийтдээ 33.4 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна.

 

Эрүүл даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар 80.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир: ЭМДЕГ-ын ажилтнууд Капитал банкнаас хураагдсан орон сууцнаас зээлээр авсан асуудал яригдаж байна. НДЕГ бас ажилчдадаа зээлээр худалдан борлуулж байгаа юу? Хураагдсан орон сууцыг дарга нар авсан уу, ямар ажилчид авсан бэ?

 

НДЕГ-ын дарга Д.Зоригт: НДЕГ Капитал банкны эрх хүлээн авагчаас 20 орчим орон сууц авсан. Энэ орон сууцуудад өнгөрсөн онд үнэлгээ хийлгээд авсан. Гэхдээ энэ орон сууцуудын улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа. Тиймээс худалдан борлуулаагүй байна. Хэн нэгэнд давуу байдал олгохгүй, дуудлага худалгаагаар худалдана.

 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: НДС-г ард түмний хөдөлмөрлөсөн хөлсний дусал бүр нийлж бүрдүүлдэг. Энэ төрийн мөнгө биш. Иргэдийн төлсөн шимтгэлээс бүрдсэн санг хариуцлагагүй албан тушаалтнууд хүү амалсан банкуудад аваачиж хадгалуулснаас болоод өнөөдөр ийм асуудал үүссэн. НДС-ийн үлдэгдэл 70.8 тэрбум төгрөгийн хэзээ барагдуулах вэ? Үүнийг улиг болсон сэдэв гээд орхиж болохгүй.

 

 

НДС-ийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг 2015 онд Капитал банкинд хадгалж байсан байна. Энд ашиг сонирхол байгаа биз. Нөгөө талаас Капитал банкинд хадгалагдаж байсан 209 тэрбум төгрөг тус банкны активын 25.5 хувийг эзэлж байсан. Мөнгөн хадгаламж нь тухайн банкны 15 хувиас хэтрэхгүй байх журамтай. Гэтэл Капитал банкны активын 25.5 хувийг эзлэх хэмжээний 209 тэрбум төгрөг хадгалуулсан. Тухайн үеий НДЕГ-ын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор байршуулсан байна. Тухайн үед НДЕГ-ыг хэн удирдаж байсан вэ? Тэр буруутай этгээдүүдэд 12 сая төгрөгийн торгууль тавьж, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж иргэдийг хохироох уу?

 

НДЕГ-ын дарга Д.Зоригт: Капитал банкнаас авах авлагын үлдэгдэл 70 орчим тэрбум үлдээд байна. АТГ, ЭЦГ, Капитал банкны эрх хүлээн авагчтайн сайн хамтарч ажиллаж байгаа. Бид эхний ээлжинд маргаангүй,  худалдан борлуулах боломжтой хөрөнгүүд авсан. Бэлэн мөнгөөр 8 тэрбум төгрөгөөр авсан. Үлдэж байгаа хөрөнгүүдийг бид судалж байна. Бидэнд санал болгосон хөрөнгүүд шүүхийн маргаантай байна. Банкны эрх хүлээн авагчийг хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулаад санг хохиролгүй болгох асуудлыг тавьж байгаа.

 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны журмаар банкны нийт активын 20 хувьд хүртэл хэмжээтэй хадгаламж байршуулах боломжтой. Дараа нь 2015 онд 25 хувь болон өөрчилж, нэг банкинд давуу эрх олгож мөнгө байршуулсан. 2018 онд нийт активын 15 хувиас ихгүй байх заалтыг оруулсан. Өмнө ажиллаж байсан тодорхой хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: ЭМДЕГ-т 214 удирдах албан тушаалтан байдаг гэж яригдаад байна. Үүнд тодруулга өгөөч.

 

 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Аудитын байгууллагаас нийт 38 удирдах ажилтан ажилласныг баталгаажуулсан хариу ирсэн. Системийн техникийн алдаанаас болоод НББХ-ны гишүүдэд тараагдсан тайланд ташаа тоо мэдээлэл орсон байна.

 

Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын орон тоог 170-аар баталсан байгаа. Хөдөө, орон нутагт 115 мэргэжилтний орон тоо байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутагт 48 орон тоо дутагдалтай байна. Төрийн албаны шалгуурыг хангах, албан тушаалын тодорхойлолтод нийцэхүйц мэргэжилтэн хомстолтой байдгаас орон тоо дутуу байна.

  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: ЭМДЕГ-ын ажилтнуудын авсан орон сууцны асуудал хууль зөрчсөн үү?

 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Капитал банкнаас өр барагдуулах чиглэлээр нэлээдгүй ажилласан. Капитал банкны эрх хүлээн авагчид бэлэн мөнгө авахыг хүсвэл 100 жил ч хүрэлцэхгүй гэсэн. Тиймээс холбогдох газруудаар асуудлыг оруулж, хөрөнгө авсан. Авсан орон сууцыг хүмүүст бэлэглээгүй. АТГ, ЭЦГ-аас тендер зарлаад хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн байна билээ. Энэ үнэлгээний хүрээнд орон сууцыг хурдан борлуулж, ЭМДС-д төвлөрүүлэх зорилготой ажиллаж байна.

 

 

Орон сууцыг бэлэглэж, дарга нар нь хувааж авсан асуудал байхгүй. Манай байгууллагад ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан ахмад ажилтан, төрийн үйлчилгээ, захиргааны ажилтнууд байр авах саналаа өгсөн байгаа. Манай албан хаагчид ипотекийн зээлэнд хамрагдаж байгаа.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Нийгмийн болон ЭМД-ын санд авлигын хоёр том схем байдаг. Авлига авдаг нүх гэж хэлж болно. Нэг нь даатгуулагчдын мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж, дундаас нь хүү цохих схем. Үүнийг нэлээн төгөлдөршүүлсэн нь хүн бол манай С.Эрдэнэ дарга гэж ярьдаг. Тухайн үед хүүг маш багаар байршуулдаг байсан. Тооцож үзэхэд тэтгэврийн сангаас жилдээ дундажаар 25-30 тэрбум төгрөгийг хүүгийн зөрүүнээс халаасалдаг байх магадлалтай гэсэн тооцоо гарч байсан.

 

 

Хоёр дахь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрөнд бараа материал авдаг авлигын схем байдаг. 10 гаруй жилийн өмнө НДБ-ын өрөнд авсан 40-өөд машин байсан. Балансын үнэлгээ нь тухайн үедээ 40, 60 сая төгрөг. Очихоор төмрийн хог байдаг. Энэ бол авлига. Барилгын компаниуд нийгмийн болон ЭМД-ын шимтгэлээ төлдөггүй, өр үүсгэж байгаад борлогдохгүй барилгуудаа өндөр үнээр өрөндөө шахаж хаадаг. Энэ бас авлига.

 

Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд бараа материал авахыг хориглосон журмыг гаргаж байсан. Энэ журам хүчинтэй байгаа юу, хүчингүй болсон уу?

 

 Танилцуулгаас харахад ЭМДЕГ өрөнд авсан байраа ажилчдадаа өгсөн, энэ нь журамтай гэж байна. Энэ журмаа хүчингүй болгох хэрэгтэй шүү, Л.Бямбасүрэн дарга аа. Таны толгойг цусдана шүү. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд ажилтнууд мэдээж талархан хүлээж авна. Та ажилтнууддаа сайн дарга байж болно. Гэхдээ энэ мөнгө бол даатгалын ажилчдын мөнгө биш. Даатгуулагчдын мөнгө.

 

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: ЭМДЕГ өмнө нь өрөнд эд материал, бараа авч байгаагүй. Капитал банкны эрх хүлээн авагчид өрийг мөнгөн хэлбэрээр авахад цаг хугацаа маш их шаардлагатай, бараг байхгүйтэй адил гэсэн хариултыг өгсөн. Тиймээс холбогдох газруудад танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулж, Капитал банкны эрх хүлээн авагчдаас санал болгосон обьектуудтай танилцаж, сонгож авсан.

 

Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү: 2019 оны байдлаар Капитал банкин дээр НДС, ЭМДС-ийн нийт хохирол 240.3 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар ЭМДС 81 тэрбумын үлдэгдэлтэй, НДС 70.7 тэрбумын үлдэгдэлтэй байна. Мөнгөн хөрөнгөөр тус бүрт нь 8.5 тэрбум төгрөг, хөрөнгөөр ЭМДЕГ-т 46.7 тэрбум, НДЕГ-т 25 тэрбумын хохирол барагдуулаад байна.

 

 

Капитал банкны удирдлагатай холбоотойгоор бүх хөрөнгийг битүүмжилсэн байсан. Хоёр жилийн хугацаанд дуудлага худалдаа явагдаагүй. УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор АТГ, УЕПГ, Монголбанк, ЭМДЕГ, НДЕГ оролцоод 2021 оны 06 дугаар сараас дуудлага худалдаа явагдаж эхэлсэн. Үүнээс хойш хөрөнгө шилжүүлж хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байгаа. Капитал банкинд байсан хөрөнгийн 50 гаруй хувийг хоёр байгууллага авсан. Одоо байгаа хөрөнгүүд бүгд шүүхийн маргаантай байгаа. Маргаан хуулийн байгууллагаар шийдсэний дараа шилжүүлнэ. 

 

Ийн асуулгын талаар гишүүд асуулт асууж, хариултаа авлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Капитал банкны эрх хүлээн авагчид НДС, ЭМДС-ийн хөрөнгийг буцаан төлөх асуудлыг шийдвэрлэж, эргэж мэдээлэл хийх үүргийг өглөө. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
эрдэнэийг яагаад тойроод байна.хэн хамгаалаад байна.жилийн 20,30 тэрвумын хүү хумсална гэдэг чинь хэдэн зуун хүний тус бүрийн хэдэн арван жилийн ял авахаар гэмт үйлдэл байна шүү дээ.тэр хэдэн жил нийгтийн даатгалын мөнгийг мэдэж нааш цааш болголоо
2023-04-28
Ариунаа:
Эрдэнээс хариуцлага нэхээчээ.Тэр хүн үнэхээр даатгалын зөрүүгээр ашиг мвч бсан бол буцааж авч улсыг хохиролгүй болгоёоо.
2022-05-15
Undarmaa luivarchin xulgaich avgai odoo boltol luivardsan munguu tuluugui baina. Tuluuch. Ene undarmaa avgai uruu tuluxgui bol xyyxdyyd, xamaatnuudtai ni xamt ter shorond ni xiigeech. Ene yanzaaraa tulux shinj alga. Tegeed EMD San irgediin munguur ene undarmaa luivarchingiin bairnaas avaad baigaa yum baina. Iim medeelel tarxaad baigaa. EMD San bol avilga xaxuuli avaad baina gesen ug. Ene mungu bol ta nariin mungu bish. Undarmaa luivarchintaigaa xamt shorondoo or ta nar.
2022-05-14
зочин:
ундармаа шулмас хүмүүст хахууль өгөөд нийгмийн даатгалын мөнгийг идчихсэн түүнийг нь авч чадахгүй байна гэж ойлголоо энэ мөнгө бол төрийн мөнгө биш хүмүүсийн төрд хадгалуулсан мөнгө шүү байж байгаа царай нь цаанаа үхээнц шинжтэй болж дээ төр
2022-05-14
ЯАДУ ДЭРЭС Н АВИЛГА ДАМРУ ТУРТЭИ ЭНЭ УЛС ДАМРУРЛА
2022-05-13