Путиний нөхөд буюу дайны үед Оросыг дэмжиж үлдсэн төрийн тэргүүнүүд

Орос, Украины дайн хэдийнэ гурав дахь сардаа үргэлжилж байна. Дэлхийн олон орон Оросын үйлдлийг эрс шүүмжилж, түүхэнд байгаагүй их хоригийг Оросын эсрэг тавьсаар байгаа юм. Эцсийн дүнд ОХУ дэлхийн тавцанд ганцаардав. Гэхдээ яг ч ингээд "ганцаардсан" гэж хэлж боломгүй. Мөн л дэлхий даяар "ад үзэгддэг" орнууд Путиний дэглэмийг дэмжсээр байгаа юм. Путинтэй нөхөрлөлөө хадгалан үлдсэн төрийн тэргүүнүүдийн тоонд хэн хэн багтаж байгаа вэ?
Беларусь. Александр Лукашенко
1994 оны долдугаар сараас хойш Беларусийг удирдаж байгаа, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Григорьевич Лукашенко улс орондоо дарангуйллын дэглэм тогтоож, сөргөлдөгч бүрээ устгаж, шахаж, хавчин, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг нэг мөр боомилсон талаар олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдэгддэг юм.
Лукашенко Путинээс ч өмнө олон тооны хоригт өртсөн. 2021 онд Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төв Лукашенког зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигын салбарын "оны хүн"-ээр тодруулж байлаа. Сүүлийн жилүүдэд Беларусийн хавчилга, шахалт туйлдаа хүрсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
2020 оны хоёрдугаар хагаст Беларусьт Лукашенког эсэргүүцэн олон нийт хэдэн сарын хугацаанд эсэргүүцэл илэрхийлэн, олныг хамарсан жагсаал зохион байгуулж байлаа. Түүний эрх мэдэл ганхах тэр мөчид Владимир Путин "гар сунгаж", олон тэрбумын зээл өгч, ингэснээр Беларусь улс Оросоос бүрэн хамааралтай болж, Кремлийн гар хөл болсон гэж олон улсын шинжээчид үздэг юм.
Энэ нь ч Орос, Украины дайнаас илтэд харагдах болсон. ОХУ Украин руу халдахаас өмнө Беларусьтай хамтран өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийсэн бөгөөд гэхдээ Оросын цэргүүд Беларусийн нутгаас яваагүй юм. Одоо хүртэл Оросын цэргүүд Украин руу агаараас дайралт хийхийн тулд Беларусийн цэргийн нисэх буудлуудыг ашигласаар байна.
Венесуэл. Николас Мадуро
Венесуэлийн Ерөнхийлөгч, "Боливарын социалист" гэгддэг Мадуро хэдийнэ дарангуйлагч болоод амжсан. тэрбээр Венесуэлийн улс төрийн институтуудэд хяналтаа тогтоож, энэ улсад авлига, гэмт хэрэг газар авч, газрын тосоо экпортлох боломжгүй болсны дээр эдийн засгийн хямрал туйлдаа хүрсний улмаас 30 сая хүн амын таван сая нь хэдийнэ өөр орнууд руу дүрвэжээ.
Өдгөө венесуэльчуудын 92 хувь нь ядуу, 97 хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон гэх баримт бий. 2022 онд Венесуэлийн ядуурал туйлдаа хүрснээр энэ улс Латин Америк, Карибын тэнгисийн хамгийн ядуу буурай орон болсон юм. Энэ улсад өдрийн дундаж орлого 72 цент байжээ.
Олон улсад "адлагдсан" Венесулийн гол холбоотнуудын нэг нь ОХУ. Кремль Мадурог албан ёсоор олон талаар нь дэмждэг бөгөөд цэргийн салбарт ч хамтран ажилладаг юм.
БНАСАУ, Ким Жон Ун
Ким Жон Ун бол Хойд Солонгосыг удам залган удирдаж буй гурав дахь үеийн Ким. Энэ улс дэлхийн хамгийн хаалттай орон. Хүн ам нь түүхэндээ хэдэнтээ өлсгөлөнд нэрвэгдэж байсан, одоо ч сайхан амьдарч байгаа эсэх нь эргэлзээтэй энэ улс цэрэг, цөмийн хөтөлбөртөө ихээхэн хөрөнгө хаядаг. Ингээд л Өмнөд хөршөө байнга цөмийн болон пуужингийн туршилтаар сүрдүүлж байдаг, олон улсад "адлагдсан" орон болсон.
Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй 2019 оны хавар биечлэн уулзаж, хоёр тал хэвлэлээс хаалттай байдлаар хоёр цагийн туршид ярилцаж байсан юм.
Сүүлд, Украин, Оросын дайн дэгдсэнээс хойш, ялалтын баярын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлж байв.
Энэ мэндчилгээндээ Ким Жон Ун дайсагнагч хүчний зүгээс ирсэн улс төр, цэргийн аюул заналыг устгах Оросын ард түмний үйл хэрэгтэй "эв санаа нэг" байгаагаа илэрхийлсэн юм
Мьянмар, Мин Аун Хлайн
Эдгээрийн араас жагсах хүмүүсийн дунд мэдээж Мьянмарыг удирдаж буй Мин Аун Хлайн багтана. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийн эргэлт зохион байгуулж, улмаар төрийн эрхэнд гарсан юм. Генерал Мин Аун Хлайн Путинийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан төдийгүй Орос, Мьянмарын харилцааг хамгийн ихээр дэмждэг гэдгээрээ алдартай. Мьянмарын цэргүүд Оросын нутаг дэвсгэр дээрх цэргийн сургуулилалтад тогтмол оролцдог бол Оросын Батлан хамгаалах яам Мин Аун генералыг “Цэргийн хамтын нөхөрлөлийг бэхжүүлсний төлөө” медалиар шагнаж байв. Мьянмарт цэргийн эргэлт гарахаас өмнө Сергей Шойгу Мьянмарт айлчилсан бөгөөд үүний дараа Мьянмарын арми Оросоос нэмэлтээр шинэ зэвсэг худалдан авах болсон талаар мэдэгдэж байлаа.
Эдгээр хүмүүсийн араас Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель, Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортега, Сирийн төрийн тэргүүн Башар Асад гэсэн дэлхий дахинаа “дарангуйлалтай” гэж тодотгодог орнуудын төрийн тэргүүнүүд багтана. Эдгээр бүх оронтой ОХУ цэргийн болон эдийн засгийн хамтын ажиллагаатай юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ