Украин Оросын талд цэргүүдийнх нь цогцосыг хүлээлгэн өгч байна

Орос, Украины дайнд амиа алдсан Оросын цэргүүдийг цогцосыг хүлээлгэн өгч байгаа талаар Украин мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Киев, Чернигов мужуудаас цуглуулсан цогцоснуудыг баасан гарагт хөргүүртэй вагонд ачсан байна. Энэ нь "олон улсын хүмүүнлэгийн эрх зүй"-д нийцсэн алхам гэж Украины Цэрэг-иргэний хамтын ажиллагааны тэргүүн Владимир Лямзин мэдэгджээ.
"Сөргөлдөөний идэвхтэй үе өндөрлөсний дараа талууд нөгөө талын орныхоо цэргүүдийн цогцосыг буцаах ёстой. Украин улс түрэмгийлэгч талд цогцоснуудыг илгээхэд бэлэн" гэж Лямзин Ройтерс агентлагт ярьжээ. Украины бусад нутгуудад ч хөргүүртэй хэд хэдэн вагоныг ачилтад бэлдэж байгаа талаар тэрбээр мэдээлсэн байна.
Энд дуулгахад, дайн дэгдсэнээс хойш Оросын 20 мянга орчим цэрэг амиа алдсан гэж Украины тал мэдээлдэг. Харин Оросын тал гуравдугаар сарын 25-нд мэдэгдэл хийхдээ 1351 цэрэг амиа алдсан гэж мэдээлж байсан нь бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлсэн анхны тохиолдол байсан бөгөөд тэр үеэс хойш дахин энэ төрлийн мэдэгдэл хийгээгүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ