COVID-19: Хойд Солонгост хоногт 174 мянган халдварын тохиолдол бүртгэгджээ
2022-05-14 12:39

Цар тахал дэгдсэнээс хойш нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байсан Хойд Солонгосын эрх баригчид тус улсад тахал дэгдсэнийг тавдугаар сарын 12-ны өдөр л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Тухайн өдөр мэдэгдэл хийхдээ, тавдугаар сарын наймны өдөр авсан шинжилгээгээр омикрон хувилбарын халдварууд илэрсэн хэмээсэн ч чухам хичнээн тохиолдол илэрсэн талаар мэдээлээгүй. 

 

Харин тавдугаар сарын 12-ны үдэш гарсан мэдээллээр, Хойд Солонгост 18 мянган хүн халдвар авч, халдварын улмаас зургаан хүн нас барсан байна. Гэтэл байдал нэн хүнд болсон нь Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн тавдугаар сарын 13-ны өдрийн мэдээлэл баталж байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

БНАСАУ-ын төрийн хэвлэлд тус улсад дэгдсэн халдварыг "чичрэг өвчин" хэмээн нэрлэж байгаа бөгөөд мэдээлснээр, тавдугаар сарын 13-ны өдөр 174 мянган хүнээс халдвар илэрсэн нь өмнөх өдөртэй харьцуулахад 10 дахин их тоо юм. Харин дөрөвдүгээр сарын сүүлээс өнөөг хүртэлх хугацаанд 524 мянган хүн халдвар авч, 27 хүн нас баржээ. Одоон энэ улсад 289 мянган хүнийг тусгаарлан, эмчилж байгаа аж.

 

Энд дуулгахад, Хятадын Ухань хотод анх коронавирусийн халдвар дэгдэж, улмаар бусад оронд бүртгэгдэж эхэлсэн үеэр буюу 2020 оны эхээр БНАСАУ-ын эрх баригчид коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд улсын хилээ бүрэн хааж, байлаа. Тэр үеэс хойш хоёр жилийн хугацаанд нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж эрх баригчид нь мэдэгдэж байсан юм. Харин олон улсын шинжээчид үүнд эргэлзэж, Хойд Солонгост вирус өргөн цар хүрээтэй дэгдвэл энэ улсын эрүүл мэндийн систем даван гарч чадахгүй гэж болгоомжилж байв. 

Shuud.mn
Сонин хачин
зү:
Хөөрхий ким нилээн үзлээдээ одоо ч өнгөрсөөн
2022-05-15
ZOCHIN:
ARD TUMENDEE HAIRTAI L YM BOL TARGAN BATCAAN UURUU UVCHIN TUS...TEGJIIJ MEDERNE..
2022-05-14