Британийн тагнуул: ОХУ дайнд дайчилсан цэргүүдийнхээ гуравны нэгийг алдсан

ОХУ Украин руу халдаж эхлэхийн өмнөхөн, хоёрдугаар сард цуглуулсан хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэг орчмыг алдсан гэж Британийн тагнуул үзэж байгаа гэнэ. Энэ талаар Их Британийн Батлан хамгаалах яамнаас ням гарагт гаргасан ээлжит тайланд өгүүлжээ.
Их Британийн Батлан хамгаалах яам ОХУ, Украины хооронд дайн дэгдсэнээс хойш өдөр бүр товч тайлан мэдээ нийтэлж байгаа бөгөөд энэ хугацаанд Оросын талын хохирлыг ийм өндрөөр үнэлсэн тохиолдол өмнө нь гарч байсангүй. Гэхдээ Оросын хохирлын хичнээн хэсэг нь нөхөгдөшгүй хохирол буюу амиа алдсан цэргүүдийг илтгэж байгаа талаар Британий тагнуул тодруулаагүй байна.
Украины тал ОХУ 20 мянга гаруй цэргээ алдсан гэж мэдээлдэг. Гэхдээ дайн өрнөж байгаа ийм үед мэдээллийн үнэн зөвийг батлах боломжгүй гэж шинжээчид үздэг юм. Гадаадын хэвлэлүүд нээлттэй эх сурвалж дээр тулгуурлан Оросын цэргийн хохирлын талаар дамжуулахдаа 1000 гаруй цэрэг амиа алдсан гэж мэдээлж байв. ОХУ Украин руу халдаж эхлэх үедээ 150 мянга орчим цэрэг хөдөлгөсөн гэсэн мэдээлэл байдаг юм.
Британийн тагнуулын үзэж байгаагаар, ОХУ их хэмжээний хохихрол амссан, мөн логистиктэй холбоотой асуудал тулгарсаар байгаа тул ойрын 30 хоногт Оросын цэргүүд Донбасст өргөн цар хүрээтэй давшилт хийх боломжгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ