Морины нүүдэл
2022-05-16

-Японы сайдын айлчлал ба Монголын өгсөн хариулт-

 

Япон улсын Гадаад Хэргийн Сайд Хаяши Ёшимаса Монгол улсад 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны хооронд  айлчилсан. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Айлчлалыг угтаж Японы сайдын бичсэн нийтлэлийг олон хүн уншиж, таашаасан байна билээ.

 

Эхэнд онцлоход Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг эхлэл болгосон нь зоримог юм. Учир нь 2014 оны намар БНХАУ-н дарга УИХ-ын гишүүдэд хандаж үг хэлэхдээ энэ шүлгийг бас уншсан. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, газар зүйн өвөрмөц байршил, түүх, уламжлал, үндэсний үнэт зүйлсийг маань ойлгон хүндэтгэж буй найрсаг сэтгэл энэ нийтлэлээс мэдрэгдэнэ. Японы сайд “Монголын сайхан орон ба Япон” бол бие биенээ сайн мэдэж ойлгосон, найрсаг харилцаа, нэгдмэл үнэт зүйлүүдтэй, бас ялгаатай гэхдээ тэр ялгаа нь зөрчил,тэмцлийн шалтаг болдоггүй, харин дутуугаа нөхөх, дундуураа дүүргэх хамтын ажиллагааны талбар байж болно гэдгийг тод илэрхийлжээ.

 

 

Айлчлал гэнэт зарлагдсан ч, бэлтгэл ажил хоёр талдаа чамбай хийгдсэнийг хөтөлбөр, бичиг баримтуудаас харж болно. Япон улсын ГХЯ-ны вэб сайтад тэмдэглэсэнээр,

 

2022.05.01

 

                   9:55  Гадаад Хэргийн Сайдтай албан ёсны хэлэлцээр 1 цаг 30 минут үргэлжлэв.

                   11:42  “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль 45 минут.

                   13:01 Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, үдийн зоог 1 цаг 50 минут.

                    15:19 Япон хэлтэй бизнес эрхлэгч залуустай 40 минут уулзав.

 

2022.05.02

                        9:25 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 1 цаг 5 минут бараалхав.

 

Эдгээрээс гадна цахимаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, Дамбадаржаа дахь амь үрэгдсэн япончуудын дурсгалд цэцэг өргөж, шинэ нисэх буудал үзэж, мод тарьсан гэхээр ямархуу шахуу хөтөлбөртэй байсан нь төсөөлөгдөнө.

 

Анх төлөвлөснөөс уулзалтуудын цаг сунасан харагдана. Ер нь л халуун дулаан уур амьсгалтай, “яарсан шинжгүй” тайван налгар уулзалтууд болжээ. Дагалдсан Японы албаны төлөөлөгч уулзалт дээр талууд ”чанга чанга инээлдэж байсан” гэв.

 

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн барьсан оройн зоог (албан мэдээнд дурдагдаагүй) дээр хоёр сайд мөн л цагт баригдалгүй, чөлөөтэй ярилцжээ. Хаяши сан бол Японы ЗГ-т өмнө нь Боловсрол, ХАА, БХ-н сайд хийж байсан туршлагатай улс төрч, Япон-Хятадын парламентийн бүлгийн дарга. Манай урд хөршийн талаар мэдлэгтэй нэгэн. Парламентийн гурван гишүүний  хамт байгуулсан Gi!nz хамтлагт гитар, төгөлдөр хуур, даруулт хөгжим тоглодог, шаггүй хөгжимчин. Сайдуудад ярилцах сэдэв мундахгүй байсан биз.

 

Цар тахлын дэгдэлтийг хумиж, хяналтанд оруулахад Японы ард түмэн оройлон тусалсанд талархсан байж таарна. Түүхэн цаг үед дэлхийн амар амгаланг тодорхойлж явсан үндэстний үрэлжлэл бид даян дэлхийн амар амгаланд санаа зовних ёстойг сануулсан нь мэдээж.

 

Монгол Улс “чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн” төлөө байдаг. Дэлхийн дэг журам, аюулгүй байдлын эмзэг асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийн төлөө зогсдог. Украинд даруй гол зогсоох, хурцадмал байдлыг намжаахад санаагаа чилээж байгаа. Солонгосын хойгийн цөм, пуужингийн аюул, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдэхийн тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ зэргийг “гуравдагч хөрш” маань ойлгосон байх.

 

Хоёр тал “холбогдолтоо”(connectivity) сайжруулахын тулд шинэ нисэх буудлыг бүрэн ашиглая гэлээ. Холбогдолт гэх шинэ ойлголт нь тээврийн дэд бүтцийн сүлжээний эргэлтийн хурд, чанар болон аюулгүй байдлыг илтгэх цогц ухагдахуун билээ. Хэн холбоосыг өргөнөөр, сайн хийж чадсан нь өнөөдрийн өрсөлдөөнд ялна.

 

Олон улсын харилцаа хэмээх уудам шатрын хөлөг дээр Монгол Улс амжилттай нүүдэл хийх цаг нь яг одоо ирж байна. Сонгууль болгоноор солигддог засаг төр гадаад харилцаагаа аль ч үед, ямар ч нөхцөлд нэг цонхоор, нэг сувгаар явуулж даяар энх тайван, хүн төрөлхтний хөгжил дэвшилд өөрийн даруухан хувь нэмрээ оруулах ёстой. Тийм ч уламжлалтай.

 

Ээдрээтэй, адармаатай энэ цаг үед Монгол улс түүх, төрт ёсны уламжлал, тэсэж үлдэх, дасан зохицох чадвараараа дэлхий нийтийн асуудлыг шийдэлцэхэд хувь нэмэр оруулж чадна гэдгээ харуулах хэрэгтэй.

 

Монгол төрийн гадаад бодлого нь дэлхийн гүрнийг байгуулах, удирдан жолоодох менежмэнтээс өгсүүлээд, эх газрын хамгийн том хоёр гүрний завсарт цөөхүүлээ ч амжилттай оршин тогтнох чадвар хүртэлх өргөн агуулгатай.

 

Японууд хэзээ ч шууд тулгадаггүй, санаагаа “тойруу хэрнээ ойлгомжтой” илэрхийлдэг. Шатарын морины нүүдэл мэт. Буруу ойлгогдох вий гэж Монгол Улсын ГХЯ ихэд хичээж байгаа нь ч ойлгогдсон. Энд нэг зүйлийг хатуу хэлэхэд гадаад харилцааг салбарын яам - ГХЯ л явуулах ёстой. БХЯ эсвэл УУЯ дураар, бие дааж харилцаа явуулах нь нэг цонхны бодлоготой зөрчилдөнө.

 

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай

Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой.

 

М.Уламбадрах

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Гоо:
Украйнд гол зогсоох гэнэ ээ? Гал зогсоох гэсэн юм болов уу, тэгсэн байж таарна, мэдээж гэж тааварласан ойлгомжгүй мэдээ байна
2022-05-16