Монгол дуучин Ялалтын баярт зориулсан тоглолтод оролцжээ

Тавдугаар сарын есний өдөр болдог Ялалтын баярт Монгол Улсын Филармонийн дуучин оролцох болсон талаар мэдээлэл энэ сарын эхээр гарч, үүнийг нь "дайн дэмжсэн хэрэг" хэмээн эсэргүүцэх хүмүүс ч гарч байлаа. Улмаар "Москвад тоглолтод оролцох уран бүтээлчдийн дунд коронавирусийн халдвар илэрсэний улмаас ОХУ-ыг зорихгүй" гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байв.
Гэтэл Монголын уран бүтээлчид товлосон хугацаандаа буюу тавдугаар сарын есний өдөр Москва хотод Ялалтын баярт зориулсан тоглолтод оролцоод иржээ. Энэ талаар Улаанбаатар дахь "Россотрудничество" төлөөлөгчийн газрын төлөөлөгч Валерия Кильпякова фейсбүүк хуудсандаа мэдээлсэн байна.
"Монголын дуучин Баяраа Дэлгэрбаяр 2022 оны тавдугаар сарын есний өдөр Москва хотноо болсон "Мөхөшгүй хорооны олон улсын тайз" төслийн шувтаргын гала тоглолтод "День победы" дууг дууллаа. Олон улсын төсөлд оролцохоор Оросын нийслэлд дэлхийн 40 орноос дуучид, хөгжимчид, уран бүтээлчид ирсэн юм" хэмээн Валерия Кильпякова бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ