СУРВАЛЖИЛГА: Залуус төв талбайд спортоор өрсөлдөж байна
2022-05-16

 

Өдрийн мэнд. Нар ээсэн зуны өдөр Сүхбаатарын талбайд хөл хөдөлгөөн ихтэй байна. Ахмад настангууд хууч хөөрөн нарлан сууж харагдах бол хүүхэд залуус хөлбөмбөг, сагсан бөмбөг үзэж харагдана. Тэд багаа дэмжиж, хүч өгнө. Харин үеийн олон залуусын төлөөлөл болон талбайд тоглож буй тамирчид бүхий л зүйлээ дайчлан өрсөлдөнө. Тэдний өрсөлдөөн тун сонирхолтой юм.  

 

Тодруулбал, “UB cup 2022”  хөл бөмбөг, 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Нийтийн хөл бөмбөг" хөтөлбөрийн хүрээн дэх “UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн Сүхбаатарын талбайд тусгайлан зассан талбайд болж байна. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлджээ.

 

Нийтийн эрүүл мэндэд анхаарч, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү хөтөлбөр жил бүр хэрэгжих гэнэ. “UB cup 2022” тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно.

 

 

Мөн Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Улаанбаатар кап 2022” тэмцээнийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу энэ сарын 16-наас зургадугаар сарын 1-ний хооронд 3x3 стандартын дагуу зассан талбайд болно. 

 

Олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг нийслэлийн есөн дүүргийн залуучуудыг хамруулан, 3х3 стандарт, шаардлагын дагуу өндөр түвшинд зохион байгуулах гэнэ. Тэмцээн нь дүүргүүдийн дунд болох 16 тэмцээн, финалын тоглолт гэсэн бүтэцтэйгээр, нийт 17 тэмцээнээс бүрдэх юм. Тэмцээнд оролцох баг тамирчдад насны хязгаар заагаагүй, E-Mongolia лавлагаагаар тухайн дүүргийн харьяат иргэн гэдгээ баталгаажуулах аж. 

 

“Улаанбаатар кап 2022” тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг. Финалын тэмцээний шагналын сан 18 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг “Улаанбаатар кап 2022” аваргын цомын эзэн болно. Шагналын сан болон зохион байгуулах зардлыг  Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргаж байгаа аж.

 

 

Тэмцээн үзэж буй иргэн Н.Мөнхбаяр: 

 

-Сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гэж ирсэн. Сагс тоглох дуртай. Сүхбаатарын талбайд тэмцээн зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Дараа жил сагсан бөмбөгийн тэмцээнд орно гэж бодож байгаа. Энэ жилийн тэмцээн өрсөлдөөнтэй явагдах шинжтэй байна. Одоохондоо ямар нэгэн багийг онцгойлон дэмжээгүй байна. 

 

Тэмцээн үзэж буй иргэн: 

 

-Талбай дээр ногоон зүлэг дэвссэн гэх мэдээлэл үзсэн. Ямар тэмцээн болох талаар сайн мэдээгүй байсан. Тэгээд өнөөдөр ямар тэмцээн болж байгааг сонирхохоор ирсэн. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн хоёул зэрэг болж байна. Би сагсан бөмбөгийн эхний багийн тоглолт үзсэн. Одоо хөлбөмбөг үзэж байна. Сонирхолтой байна. Гэхдээ үзэгчид бага байгаа юм шиг санагдлаа. Тэмцээн ирж үзээрэй гэж хэлмээр байна. 

 

 Тэмцээн үзэж буй иргэн Г.Ган-Эрдэнэ:

 

-Би хөлбөмбөг үзэх дуртай. Кристиано Рональдог дэмждэг. Манай монгол тамирчид дэлхийн томоохон  багт тоглоосой гэж хүсдэг. Өнөөдрийн хоёр багийн тэмцээн өрсөлдөөнтэй болж байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Хуурамч.:
Хуурамч төрхөөр хол явахгүй дээ
2022-05-16