Европ тивийн ноён оргилд Монгол Улсын тугаа мандуулсан Б.Ням-Очир
2022-05-17

 

Жил бүр Эльбрус ууланд “Red Fox Elbrus Race–20..” экстрим спортын наадам зохион байгуулагддаг. “Red Fox Elbrus Race-2022” олон улсын скайраннингийн тэмцээнд уулын гүйлтийн төрлөөр  Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин уралдсанаас “Horizon mountaineering club”-ын тамирчин Б.Ням-Очир 3.13.16 цагийн үзүүлэлтээр түрүүлж алтан медаль хүртсэн. Мөн тухайн төрөлд уралдсан “UB hiking” клубын тамирчин уулын спортын мастер Д.Отгонхүү 3.51.55 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ.

 

Европ тивийн ноён оргил Эльбрус уулын баруун оргилд Монгол Улсын тугаа мандуулсан “Horizon mountaineering club”-ын тамирчин Б.Ням-Очиртой цахимаар холбогдон цөөн хором ярилцлаа.

 

Сайн байна уу, Сайн явж ирсэн үү. “Red Fox Elbrus Race-2022” олон улсын скайраннингийн тэмцээнд уулын гүйлтийн төрлөөр  түрүүлж алтан медаль хүртлээ. Баяр хүргэе. Уг тэмцээний сонин сайхнаар ярилцлагаа эхлүүлэх үү?

 

-Баярлалаа. Сайн яваад ирлээ. Манай баг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээндээ оролцохоор дөрөвдүгээр сарын 21-нд эх орноосоо гарсан. Улмаар дөрөвдүгээр сарын 26-нд эхний авиралтаа хийсэн. Өндрийн гүйлтийн тэмцээнд “UB hiking” клубын тамирчин, уулын спортын мастер Д.Отгонхүү бид хоёр эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Бид эхний авиралтаас хойш хувийн бэлтгэлээ базааж байгаад тавдугаар сарын 04-нд тэмцээндээ бүртгүүлсэн. Ингээд  тавдугаар сарын 05-нд эхний шатны тэмцээндээ оролцсон бол тавдугаар сарын 07-нд хоёрдугаар шатны тэмцээндээ өрсөлдөж,  3.13.16 цагийн үзүүлэлтээр скайрэйс төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн. Анх удаа олон улсын тэмцээнд оролцоод алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна.

 

 

Энэ удаагийн тэмцээнд хэдэн тамирчин өрсөлдсөн бэ?

 

-“Red Fox Elbrus Race-….” олон улсын скайраннингийн тэмцээн 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд уулын спортын тамирчид өөрийн хүсэлтээр, мандатаа төлөөд оролцдог. Гагцхүү тухайн тамирчин эрүүл мэндийн шаардлага хангаж байх хэрэгтэй бөгөөд эмчийн дүгнэлттэй байна.

 

Тус тэмцээнд өмнөх жилүүдэд  20 гаруй орны 300-500 тамирчин оролцдог байсан. Гэвч энэ удаа ОХУ болон Украины дайн, коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол, Киргиз, Орос гэсэн гурван орны 160 тамирчин өрсөлдлөө. Хэдийгээр энэ удаагийн тэмцээнд оролцож буй тамирчдын тоо өмнөх жилүүдийнхээс цөөн боловч тамирчдын чансаа өндөр байсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан.

 

“Red Fox Elbrus Race-20...” олон улсын скайраннингийн тэмцээнд өмнө нь Монголоос хэдэн тамирчин оролцож байсан бэ?

 

-Ер нь манай улсын тамирчид жил бүр оролцдог. Гэхдээ нарийн тоог нь мэдэхгүй юм. Миний мэдэхийн уулын спортын мастер Д.Отгонхүү 2013 оноос эхлэн тус тэмцээнд оролцож байна. Энэ жил найм дахь удаагаа оролцож байгаа юм билээ. Энэ хугацаанд уулын спортын мастер Д.Отгонхүү алт, мөнгө, хүрэл медаль авч байсан туршлагатай тамирчин.

 

 

Уралдааны явцад хүндрэлтэй зүйлтэй олон тулгарсан байх. Уралдааны явцыг дүгнэвэл?

 

-Тэмцээний өдрүүдэд цаг агаар маш тогтворгүй байсан. Тодруулбал, 5000 метрийн өндрөөс эхлээд манан дор үлдэж, цасан шуурга шуурч эхэлсэн. Уралдааны явцад цас их орох нь тамирчдаас маш их хүч шаарддаг. Тиймээс уралдааны үед тамирчид маш их ядардаг. Зарим тамирчин хамар, гарын хуруугаа хөлдөөсөн.

 

Та ер нь хэзээнээс уулын спортоор  хичээллэж эхэлсэн бэ?

 

-Анх 2018 оноос эхлэн уулын спорттой холбогдсон. Уулын алхалтаас эхэлсэн. Энэ нь уулын спортын анхан шат. Улмаар 2019 оноос Алтай Таван Богд ууланд авиралт хийж эхэлсэн.  Өнгөрсөн жил “Red Fox Elbrus Race-2021” тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ коронавирус цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад оролцож чадаагүй. Тиймээс бэлтгэлээ сайтар базааж байгаад энэ жил зорьсон тэмцээндээ амжилттай оролцсон.

 

 

Урт хугацааны бэлтгэл сургуулилтын дүнд сая нэг амжилт гаргадаг. Та ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

 

-Би Уурхайд ажилладаг. Би 14 хоног талбарт ажиллаад, 14 хоног амардаг. Тиймээс олдсон чөлөөт цагаа бүрэн дүүрэн бэлтгэл сургуулилтандаа зориулдаг. Амралтын 14 хоногтоо ууланд алхдаг. Нэг л өдөр мундаг болохгүй. Тиймээс урт хугацаанд үр дүнтэй бэлтгэл хийхийг эрхэмлэдэг.

 

Монголын Уулчдын Үндэсний холбоо гэж бий. Холбооноос тамирчдадаа хэр дэмжиж, хамтран ажилладаг вэ?

 

-Ерөнхийдөө дэмжлэг дутмаг байдаг. Харилцан уялдаатай ажилладаггүй.  Бид тэмцээн уралдаанд оролцох зардлаа хувиасаа гаргадаг. Ингэхдээ харьяалагддаг  клуб болон спонсор байгууллагаасаа дэмжлэг авдаг.

 

 

Уулын спортоор хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?

 

-Бид уулын бэлээс оргил руу тэмүүлдэг. Ер нь уулын спорт нь нэг талаараа эрүүл мэндэд тустай нөгөө талаараа тухайн хүнд бие болон сэтгэлийн тэсвэр тэвчээр суулгадаг. Мөн уулын спортоор хичээллэдэг тамирчид байгалийн сайхныг мэдэрч, эрч хүч авдаг.

 

Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?

 

-Манай улсад уулын спортын олон төрлийн тэмцээн зохион байгуулагдаж байна. Ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах Алтай Таван Богд  уулын гүйлтийн тэмцээнд оролцоно. Мөн тухайн үед хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уулчдын цуглаан болно. Цуглаанд ч оролцоно. Ингээд үргэлжлүүлээд дотоодод болох тэмцээнүүдэд оролцох бодолтой байна.

 

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин