Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг хууль зөрчжээ
2022-05-17

 

Төрийн албаны зөвлөлөөс “Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ зарим аймгийн удирдлагуудад удаа дараа үүрэг даалгавар өгсөөр байхад бусдад давуу байдал бий болгож байгаа асуудлыг шалгуулах”-аар Авлигатай тэмцэх газарт холбогдох мэдээллийг ирүүлсэн байна. 

 

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй  тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г  2021 онд томилсон байна. 

 

Хууль бус дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан байхад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь  Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаалын гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр” олгох шийдвэр гаргасан нь  бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдов.

 

Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь өөрийн өмнө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Орон нутаг ялангуяа аймаг, сумдад төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангахгүй байх зөрчлүүд гарсаар байна.

 

Цаашид нийтийн албанд томилогдож байгаа этгээдийг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага шалгуурыг хангасан иргэнийг томилох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, холбогдох хариуцлагыг тооцож байх талаар орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: АТГ

Shuud.mn
Сонин хачин