НМХГ: Мах боловсруулах үйлдвэрт гарал үүсэл тодорхойгүй нунтаг хэрэглэж байсан
2022-05-17

 

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

2022 он гарсаар мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхийг түр хугацаагаар зогсоосон. Ингэхдээ Засгийн газар болон яам агентлагуудтай хамтарсан хяналт шалгалт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд тулгуурлан хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа аж.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг улс орон даяар өрнүүлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас найман дүүрэгт архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй худалдааны газруудаас түүвэрчилсэн байдлаас архийг авч, лабораторийн шинжилгээ хийжээ.

 

НМХГ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

 

-Хүнсний худалдаа үйлчилгээний 42 газрын худалдан борлуулж буй архи согтууруулах ундааны чанар аюулгүй байдалд лабораторийн  шинжилгээ, хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад дотоодын үйлдвэрлэгч 12 аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн давхардсан тоогоор 28 нэрийн 68 архины дээжийг авч,  НМХГ-ын төв лабораторид 563 үзүүлэлтээр шинжилгээг хийсэн. Нийт 68 архины дээжийн 5 буюу 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөгдөж буй цагаан болон өвөрмөц архины стандартад нийцээгүй дүнтэй гарсан. Үүнээс гурван архины хатуулга нь шошго дээр тэмдэглэснээс 0.1-0.8 хувийн зөрүүтэй. Зөрчил гаргасан хоёр аж ахуй нэгж дээр зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл ногдуулж, эрх бүхий албан тушаалтны хоёр албан даалгавар, гурван аж ахуй нэгжид улсын байцаагчийн хамтарсан албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн шалгалтын явцад импортын согтууруулах ундааны шошгын мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн буюу Монгол, Орос хэл дээр байх ёстой. Гэтэл бичээгүй байсан аж ахуй нэгж байсан. Тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдлын хэлтсийн дарга Х.Нямбаатар:

 

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт орчимд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тодорхой хэмжээний зөрчлүүд илэрсэн. Тодруулбал, мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлагын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй болон БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан. Улмаар тухайн үйлдвэрлэлийн орчинд байсан ямааны мах болон бодис хэрэглэсэн ус, бодисоос дээж авч, лабораторид хүргүүлсэн. Ямааны махнаас зургаан төрлийн дээж авсан. Мөн хэрэглэж байсан ундны ус болон цагаан нунтаг бодис хэрэглэсэн уснаас дээж авч, лабораторид хүргүүлсэн. Хариу өнөөдрөөс гарна. Одоогоор хариу ирээгүй байна.

 

Мөн иргэнээс ирсэн гомдлын дагуу "Витафит" компанийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт шалгалт хийж, гүйцэтгэсэн. Дотроос нь гадны биет илэрсэн гэх 900 грамм савлагаатай тараг дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 5341 ширхэг үйлдвэрлэгдсэн. Шалгалтаар очиход агуулахад нь байхгүй байсан. Тиймээс лабораторийн шинжилгээнд хамруулж эхлээгүй.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин